“Илд цэцэг”-ийн учир

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

Дээр үеийн монгол киног хэд дахин эргүүлэн үзсэн ч уйддаггүй. Үүний нууцыг “амьдралын гүн рүү нэвтэрч, хорвоогийн өнгийг бодитоор харуулдаг. Өөрөөр хэлбэл хэт гоёчлолгүй, энгийн бодит амьдралд ойрхон байдаг“ хэмээн ахмад уран бүтээлч хэлж байв. Нээрээ л эртний кинонууд бидний амьдралд буй бодит асуудлыг хэлэлцдэг. Ийм бүтээлийн тоонд орох нэгэн кино энэ сарын 3-нд нээлтээ хийнэ. Энэ бол “Илд цэцэг”

“Абсолют пикчерс" студийн энэхүү бүтээл нь адал явдалт боловч мөн чанартаа жирийн эх хүний үрийнхээ төлөө сэтгэл юуны ч өмнө сөхөрдөггүй болохыг харуулжээ. Мөн кино болгонд тоглодог жүжигчдийг ч гол болон туслах дүрээрээ сонгоогүй нь найруулагчийн мэдрэмжийг илтгэх байх. Эхийн дүрд жүжигчин Т.Өөдөө, мөрдөн байцаагчийн дүрд Ц.Төмөрхуяг, мөн олон залуу уран бүтээлчид ахмад жүжигчид хамтран тоглосон энэ киноны зураг авалтыг хавар зун намрыг дамнан авчээ. Урд нь чамгүй олон тулаант кино бүтээсэн найруулагч П.Дэлгэрбаяр энэ бүтээлээ “Сэтгэхүйн тулааныг үзүүлэхийг зорьсон” гэж тодорхойлсон. 2003 онд “Найзууд” киногоороо Монголын кино урлагийн босгыг алхаж байсан “Абсолют пикчерс” студийн “Тушаал”, “Төрийн дайсан”, “Дурлалын гэмт хэрэг”, “Амьдрал төсөл” зэрэг олон киног үзэгчид андахгүй. 

“Илд цэцэг” киноны үрдээ хандсан эхийн сэтгэлийг тун ч энгийнээр илэрхийлсэн “Амин эрдэнэ” дууг загвар өмсөгч С.Сарнай дуулжээ. Т.Өөдөөгийн нууцалсан учир битүүлэг долоовор хурууны тайллыг нөгөөдөр л мэдэх нь.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top