Тойм: Уулчдын гашуун зовлон, хуулийнхны хурц тэмцэлд ”нүдүүлсэн” долоо хоног

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 29

Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Золгүй ослын зовлон шаналалтай зэрэгцээд төрийн өндөр албан тушаалтнуудын тэмцэл хурцдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг, нэгэн рүүгээ "Сум тавьцгаалаа". Ингээд олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан мэдээллүүдийг тоймлон хүргэе.

10 дугаар сарын 23

Агаарын бохирдлыг анхааралдаа авав

  • Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авирахаар явсан 27 уулчны 10 нь нас барсан болохыг тогтоов. “Хамтдаа алхацгаая”, “Хоризон” уулчдын клубын хамтарсан, уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг аравдугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрханы бэлд очжээ. Уулчид тухайн өдрийн 16.30 цагт оргил өөд авирч, буух явцдаа "Хавтангийн гулгалт"-д өртөж, эхний хоёр олсонд явсан 17 уулчин осолджээ. Гурав дахь олсонд явсан 10 уулчин цаг агаарын нөхцөл сайжрахыг хүлээн, оргилын хавьцаа нэг хонож, аравдугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд эсэн мэнд бууж ирсэн юм. Энэ өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Отгонтэнгэр хайрхан руу гурван нисдэг тэрэг, аврагч, уулчдыг дайчлан ажиллаж, сураггүй болсон 17 хүний 10-ынх нь цогцсыг оллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулав. Үндэсний чуулганаас агаарын бохирдлыг бууруулдахад чиглэсэн зөвлөмж гаргалаа.

10 дугаар сарын 24

Ерөнхий сайд Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллав

  • Отгонтэнгэр ууланд осолдож, нас барсан уулчдын тоо 14 боллоо. Аврагчид талийгаачдын цогцсыг уулнаас дамнуургаар зөөвөрлөн буулгаж эхлэв. Амьд үлдсэн 10 уулчныг Улаанбаатар руу авчрах гэсэн ч тэд бусад уулчдынхаа эсэн мэнд үгүйг мэдэж, олсны дараа явахыг хүсчээ.
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсч нэгдсэн шийдвэр гаргаж,  асуудал хариуцсан хүмүүст зарим үүрэг даалгавар өглөө.
  • “Лантуун дохио” ТББ-аас хүүхэд хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ!” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлэн, “Хүчирхийлэл эр хүний зугаа биш!”, “Эрчүүд ээ, хүчирхийллийн эсрэг нэгдэцгээ!”, “Энэ бүхэн удахгүй таны хүүхэд дээр ирнэ. Сайн бод!”, “Бэлгийн боловсрол, хүүхдийн хүмүүжилд анхаарцгаая” зэрэг лоозон барьцгаасан байв.

10 дугаар сарын 25

Осолдсон уулчдын цогцсыг олж дууслаа

Онцгойгийнхны ажилд дэмжлэг үзүүлж тусалсан уулчид

  • Отгонтэнгэр ууланд авираад, буух замдаа осолдсон уулчдын тоо 17 болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Ингэснээр эрэн хайх ажиллагааг зогсоолоо. Аравдугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр ууланд амиа алдсан уулчдыг эрэн хайх ажиллагаа аравдугаар сарын 23-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэв.
  • ”Иргэдийн шударга шүүх” ТББ-аас төрийн албан хаагчдын буруугаас болж учирсан хохирлыг барагдуулах “Ард түмний өр барагдуулах алба” байгуулсан талаар мэдэгдэв.

10 дугаар сарын 26

Б.Хурц, Ц.Нямдорж хоёрын тэмцэл эхэллээ

  • Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр “С.Зоригийг хэн захиалж хөнөөлгөснийг тогтоох хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй, үргэлжилж байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн мөрдөн байцаалт эцэслэгдээгүй байхад ажлын хэсгийг тараахаар зүтгэж байна” гэж мэдэгдэв.
  • Тагнуулын даргын мэдээлэлтэй холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Өөрийгөө солигдохоо мэдчихээд тэгж байна” гэлээ.
  • Засгийн газрын шийдвэрээр ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг түүний оронд томиллоо.

10 дугаар сарын 27

 Шагналын хур буусан өдөр

Хөдөлмөрийн баатар Сумъяа зурган илэрцүүд

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгчийн зарлигаар Жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгожээ. Мөн Чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхонд "Монгол Улсын гавьяат тамирчин цол олгов.

10 дугаар сарын 28

Богд уул авто зогсоолын цогцолбортой болов

  • Богдхан уулын дархан цаазат газарт баригдсан авто зогсоолын цогцолбор бүхий аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замын  өргөтгөл  шинэчлэлтийн ажил дуусч, нээлтээ хийлээ.
  • Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг илтгэсэн гурван хөшөө байрлуулав. Хөшөөг уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн байна.

10 дугаар сарын 29

Улаанбаатар хот төрсөн өдрөө тэмдэглэж байна

  • Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг тохиолдууланУлаанбаатар хотын анхны шав тавьсан газар “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлэх, “Нийслэлийн сүлдэт морин хуур”-ыг цэнгүүлэх ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Нийслэлийн үе үеийн удирдлагууд зочид төлөөлөгчид оролцлоо.
  • Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд оролцлоо. Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын цэргийн хүрээний ёс жухам сахиулах ангийн Хүндэт харуулын анги, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top