Төмөр замын гарц барьсанд талархал илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 26

Улаанбаатар хот доторх төмөр замын гарам орчмын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, осол гарах, улмаар хүний амь нас эрсдэх, иргэд эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдсэн талаарх судалгааг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2011 онд хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэлдээ тусгасан билээ.

Энэ хүрээнд УИХ-аар шийдвэр гаргуулахаар "Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 дугаар километрийн авто гармын ойролцоо орон сууцны хороолол, үйлчилгээний барилга байгууламж олноор барьсан, Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн авто гармаар нийслэлээс баруунаа чиглэх төв зам гардгаас нэвтрэн өнгөрөх авто машины урсгал, ачаалал ихсэж, жолооч, зорчигчдыг удаан хугацаагаар байнга хүлээлгэн чирэгдүүлж, замын түгжрэл үүсгэн, төмөр болон авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй байдал бий болсон учраас эдгээр гарам дээр хоёр түвшинд огтлолцох автомашины гүүр барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх” саналыг хүргүүлсэн. Толгойт орчмын төмөр замын аюултай бүсээр явган хүмүүс төмөр зам дээгүүр өдөрт 2500 орчим хүн хөндлөн гарч нэвтрэн, ажил, сургуульдаа явдаг тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 332 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн пекет 2-т байрлах төмөр замын доогуур 32 метр урт бүрэн гэрэлтүүлэг, хяналтын камертай явган хүний нүхэн гарц болон төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүднээс 300 метр урт бетон хашаагбарьж ашиглалтад орууллаа. Уг нүхэн гарцыг барьж байгуулсанд Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс талархан хүлээж авч байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

2011 онд хийгдсэн судалгааны ажил УИХ-д өргөн баригдсанаасаа хойш дөнгөж одоо хэрэгжиж байгаа юм уу, энэ хугацаанд олон хүн хохирсон байхдаа

1  |  0
Top