БНСУ-ын Парламент Европын холбооны улсуудтай хийх чөлөөт худалдааны гэрээ хэлцлийг баталсанаас үүдэж тус улсын улс төрийн намуудын хооронд үл ойлголцол бий болжээ. Гуулин улс Европын холбоотой хийх чөлөөт худалдаагаа 100 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөө гаргаж байгаа бөгөөд таван жилийн турш нэмэгдүүлэх зорилт тавьж, АНУ-тай мөн адил чөлөөт худалдааны гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Эрх баригч Агуу орны намын санаачилсан энэхүү ажлыг харин сөрөг хүчин болох Ардчилсан нам эсэргүүцэж, эхлээд хэл амаараа, дараа нь хөл гараараа асуудлыг шийдэх гэж оролдсон аж. Улмаар гишүүдээ санал хураалтад оролцуулахаас татгалзжээ.
Тус намын удирдлага ингэх болсон шалтгаанаа “Үйлдвэрлэлийг дэмжих үндсэн бодлогоосоо ухарч, бэлэн бүтээгдэхүүнийг гаднаас авдаг болох юм бол иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд уруу татаж байна гэсэн үг юм. Жижиг фирмүүд хаалгаа барьж, жижиг дунд үйлдвэрлэл мөхлийнхөө замд орно гэсэн үг” хэмээн тайлбарласан бол эрх баригч намын зүгээс "Энэхүү гэрээ хэрэгжиж эхэлснээр 250 мянган ажлын байр шинээр бий болно гэж бид хүлээж байгаа. Ингэснээр иргэдийн орлого дээшилж, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих юм” гэсэн тайлбарыг хийсэн байна.
Европын холбоо БНСУ-ын хооронд чөлөөт худалдааны гэрээ анх 2007 онд байгуулагдсан бөгөөд АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ хийх санамж бичигт гарын үсэг зурсан ч сөрөг хүчний ширүүн эсэргүүцэлтэй тулгарснаар цуцлагдсан юм. Үхрийн мах, автомашины худалдааг АНУ санал болгосон ч ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын бизнесмэнүүд эсэргүүцсээр санасандаа хүрсэн байна.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )