Нэгэн төслийн үр дүнгийн талаар хэлэлцжээ. Тэр нь "Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчныг Монголд бий болгох нь” гэсэн төсөл аж. БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн газар хамтран түүний үр дүнг хэлэлцсэн байна. Тийнхүү хэлэлцэхдээ "Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ.
Энэхүү уулзалтад Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийн төслийг танилцуулав. Мөн үндсэн төслийн хэрэгжилтийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээл, авсан сургамжийн талаар салбарын мэргэжилтнүүдэд, мэдээллийг түгээх зорилготой байв.
Зөвлөлдөх уулзалтад БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Кюн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн олон улсын шинжээч Дэсмонд Хью, 21 аймгийн соёлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Мөн уулзалтын үеэр "Соёлын илэрхийллийн олон төрөл зүйл- Урлагийн эрх чөлөө" фото зургийн уралдааны ялагчдад шагнал гардуулсан юм.
Уралдааны тэргүүн байрыг Б.Бат-Оргил "Шивнээ" , Дэд байрыг Г.Өнөболд "Untitled" , Гутгаар байрыг Н.Цолмон "Бүжиг" зургуудаараа тус тус хүртлээ.
Уг уралдаан нь Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хувь хүн, бүлэг, хамт олон үзэл санаагаа үгээр болон дүрсээр чөлөөтэй илэрхийлэхийг дэмжих зорилгыг агуулсан юм.



Сэтгэгдэл ( 1 )
Энэхүү уулзалтад Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийн төслийг танилцуулав. Мөн үндсэн төслийн хэрэгжилтийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээл, авсан сургамжийн талаар салбарын мэргэжилтнүүдэд, мэдээллийг түгээх зорилготой байв гэсэн байх юм. Бүтээлч үйлдвэрлэлд хөгжмийн урлаг хамаагүй л байсан юм байх даа.