Эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна

2017 оны 10 сарын 25

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 мталбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн.

Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top