Баталгаатай батлан даагчаа олсон нь...

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 25

-Байна уу. Нийгмийн даатгалын үйлчилгээний лавлах утас мөн үү?

-Тийм байна. Таныг 7777-1289 сонсож байна.

-Би нэг сартай жирэмсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг эмэгтэй байна. Нийгмийн даатгал төлбөл жирэмсний тэтгэмж авдаг гэж сонслоо. Одооноос эхлээд даатгал төлөөд явбал, төрөхдөө тэтгэмж авах эрх үүсэх болов уу?

-Юуны өмнө та хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоор Сайн дурын даатгалд хамрагдах бүрэн боломжтой гэсэн үг. Харин жирэмсний тэтгэмжийн тухайд гэвэл, Сайн дурын даатгуулагч эх нийгмийн даатгалын шимтгэлийг нэг жил тасралтгүй төлсөн байх шаардлагатай байдаг. Тэгэхээр таны хувьд энэ удаад тэтгэмж авч арай амжихгүй. Харин дараагийн хүүхэд дээрээ жирэмсний тэтгэмжийг нийгмийн даатгалаас авах бүрэн дүүрэн боломж байна.

-Мммхннн... тэгвэл би сайн дурын даатгуулагч болохын тулд хаана хандах ёстой вэ?

-Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө. Мэдээж та өөрийн харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчдаа хандана.

- Сайн дурын даатгуулагч  сар бүр хэдэн төгрөгийг төлнө гэсэн үг вэ?  

-Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь 28 мянга 800 төгрөг. Харин дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна. Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн доод, дээд энэ хоёр хэмжээг харгалзан үзэж, даатгуулагч өөрийн боломжоороо төлөх хэмжээгээ тогтоогоод байцаагчтай гэрээ хийнэ гэсэн үг.

-Нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн мөнгөө банкинд тушаах уу, бэлнээр төлөх үү?

--Та нийгмийн даатгалын байцаагчтайгаа  байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ банкны тооцооны салбарт орлогын мэдуулгээр нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд тушаана.  Уг орлогын мэдүүлгийг үндэслэн сайн дураар даатгуулагчийн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагч хийж, түүний төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нь тухай бүр бичиж баталгаажуулж байна

 -Шимтгэлээ нөхөн төлж болох уу?
- Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан сараас эхлэн гэрээгээр тохиролцсон хугацаанд шимтгэлээ оршин суугаа аймаг, сум, дуургийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлсөн байх ёстой. Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлдөг. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь та Сайн дурын нийгмийн даатгал төлснөөр зөвхөн жирэмсэн эхийн тэтгэмж аваад зогсохгүй өөр бусад маш олон төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас хүртэх боломжтой шүү дээ.

-Тийм үү. Та надад дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

Та хэрвээ “Сайн дураар даатгуулагч” болох юм бол дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй.

 Тэтгэврийн даатгалын сангаас :
      -    Өндөр насны тэтгэвэр
      -    Тахир дутуугийн тэтгэвэр
      -    Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Тэтгэмжийн даатгалын сангаас:
      -    Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
      -    Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
      -    Оршуулгын тэтгэмж
 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:
      -    Тахир дутуугийн тэтгэвэр
      -    Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
      -    Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж
      -    Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдөон төлбөр
      -    Тэтгэврийн даатгалын шимтгэл
      -    Рашаан болон мэргэжлээс  шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал;
      -    Мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал...

 -Хөөх тийм үү. Ирээдүйд учирч болох энэ бүх эрсдлээс өөрийгөө хамгаалах хамгийн чухал зам чинь нийгмийн даатгал төлөх юм биш үү?

-Тэгэлгүй яахав, Сайн дурын даатгуулагч болсноор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар таны амьдралын "Баталгаатай батлан даагч" байх болно.

- Ок! би ерөөсөө цаг алдалгүй "Сайн дурын даатгалд" хамрагдахаар шийдлээ?

-Сайн дурын даатгуулагч болох гэж байгаад танд баяр хүргэе. Та харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч дээрээ

-    3x4 хэмжээний зураг — 2 ш
-    Иргэний үнэмлэх
-    1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтрээ бариад очоорой.

-Баталгаатай батлан даагчтай болоход үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top