Агаар дахь тоосонцор, бохирдлыг энгийн тоос сорогчоор соруулаад тоосго хийсэн энэ залууг Ван Рензенг гэдэг. Тэрбээр 2013 оноос хойш “нэг залуу-утааны эсрэг” кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн байна. Улмаар утаагаар тоосго бүтээж болно хэмээн нэгэн рестораны эзэнтэй 10 мянган юаниар мөрий тавьсан гэдэг. Үүний дараа Ван Рензенг Шанхайн цахилгаан барааны үйлдвэрээс 1000 ваттын хүчин чадалтай тоос сорогчийг захиалан өвлийн улирал эхлэхийг хүлээжээ. Өвөл болж саарал утаа Бээжинг бүрхэж эхэлмэгц тэрбээр агаар соруулах ажилдаа орсон байна. Бээжингийн хамгийн их бохирдолтой өтгөн саарал утаатай хэсгээр 100 хоногийн турш агаар соруулж, түүгээрээ тоосго гаргаж авчээ.
Бээжингийн агаарын бохирдлын хэмжээ арванхоёрдугаар сарын 1-нд хэвийн хэмжээнээс 40 дахин ихэссэнээс 2100 гаруй үйлдвэрийг хааж, автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжиж, зарим онгоцны нислэгийг цуцлахад хүрэв. Агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх, уушги, тархины цус харвах зэрэг өвчнөөр Хятадад өдөрт 4000 орчим хүн хорвоог орхидог гэх судалгааг эмч мэргэжилтнүүд гаргажээ.
Манай Улаанбаатар хотын хувьд ч жавар тачигнасан идэр есийн хоногуудад гэр хорооллын орчимд гашуун утааны хэмжээ Бээжингийн түвшинд дөхөж очдог. Өөрөөр хэлбэл, Монголын агаарын бохирдлоос ч тоосго гаргах боломжтой гэсэн үг.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )