”Би шударга хэлье, 60 тэрбумаа босгохын тулд ТҮЦ-ээр бизнес хийж байна”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Түргэн үйлчилгээний цэг буюу нийтийн дунд нэрлэж заншсанаар ТҮЦ-ний асуудал өнгөрсөн жилээс эхлэн ихэд хурц яригдах болсон Өөрөөр хэлбэл, ТҮЦ эрхлэгчид болон Нийслэлийн удирдлагуудын хооронд үл ойлголцол үүсч, нэг нь ачна, нөгөөдөх нь ачуулахгүй гэсэн ширүүхэн маргаан буй болоод удаж байна. Улмаар байршлаа булаацалдсан ТҮЦ эрхлэгчдийн дунд алтан амиа алдах тохиолдол хүртэл гарч байлаа. Мөн ТҮЦ нийгмийн нэгэн эмзэг сэдэв болсныг гэрчилж, “ТҮЦ-ний охид” нэртэй уран сайхны кино хүртэл хийгдэж амжсан байдаг. Иймээс ТҮЦ тойрсон асуудлын талаар ТҮЦ эрхлэгчдийн "Түмэн" холбооны тэргүүн Д.Тогтмаатай уулзаж ярилцлаа.

-Та дөрөв дэхь засаглал болсон "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-д хандах л үлдлээ гэж байна. ТҮЦ-тэй холбоотой ямар тулгамдсан асуудал байна. Мөн энэ асуудлаар хаана, хаана хандаад байна вэ?

- Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах болсон хамгийн том шалтгаан бол ТҮЦ эрхлэгчдийг төрөөс, тодруулбал, нийслэлээс дэндүү их дарамталж байна. Хотын дарга солигдох болгонд ТҮЦ-тэй холбогдсон захирамж, журам нэртэй зүйл гаргаж, ТҮЦ эрхлэгчдийг хохироож байна. Би энэ асуудлаар хороонооссоо авахуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаж үзсэн. Харамсалтай нь бодит үр дүнд хүрч, бидний /ТҮЦ эрхлэгчдийн/ асуудлыг шийдэж өгсөн газар алга.

 -Асуудал гээд ярьж байна. Нөгөө ТҮЦ-ний ачилтаа хэлээд байна уу. Тодорхой яриач?

-Ачилт бол нэг л хэсэг нь. Ер нь бол энэ ТҮЦ нийслэлийн удирдлагуудын мөнгө угаадаг машин болсон нь хамгийн том асуудал юм. Би бүтэн жил хагасын хугацаанд зөвхөн энэ асуудлаар хөөцөлдөж байна. Энэ хугацаанд дээрх дүгнэлтэд л хүрсэн.

- ТҮЦ нийслэлийн удирдлагуудын мөнгө угаадаг машин болсон гэдгээ баримттай ярьж болох уу?

-Түүхэндээ ТҮЦ таван удаа өөрчлөгдсөн байдаг. Эндээс сүүлийн гурвыг нь хэлье. Тээврийн газар гэж байх үед хуучин ТҮЦ-ийг сайжруулъя гээд нэг удаа өөрчлөлт хийсэн.Тухайн үед ТҮЦ-ний тоо ч цөөн байсан. Ингээд үүний дараа Э.Бат-Үүл даргын үед ТҮЦ-ний асуудал замбараагаа алдсан гэж хэлж болно. Одоо  байгаа энэ бор ТҮЦ-нүүд Үүл даргын үед дэлгэрсэн байсан. Тухайн үед Нийслэлээс “Энэ бор ТҮЦ-ийг авбал ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрөл өгнө”  гээд зөвшөөрлийн бичгээ тараасан. Чухамдаа бол энэ ТҮЦ-ийг хийж байсан компанийн бизнесийг л дэмжих зорилготой байсан байгаа юм. Тэр компанийнх нь эзэн тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга байсан эмэгтэйн нөхрийнх байх жишээтэй.

Ингээд Улаанбаатараар дүүрэн ТҮЦ болох том эх үүсвэрийг Э.Бат-Үүл даргын хувьд тавьсан байгаа юм.  Дараа нь Су.Батболд гэдэг дарга гарч ирсэн. Би шударга хэлье. Тэр 60 тэрбум төгрөгийг босгохын тулд ТҮЦ-ээр бизнес хийж байна. Уг нь бол энэ байгаа ТҮЦ-нүүдээ тордоод, зөвшөөрлийг нь цэгцлээд янзлаад явбал болохгүй юм ерөөсөө байхгүй. Гэвч нийслэлийн удирдлагууд  албаар болохыг нь байлгаж, дахиад өөр шинэ бизнес хийхийн тулд татан буулгаж байна.  Тэр нь шилэн ТҮЦ.  Үнэ нь 65 сая төгрөг гэж байгаа. Өмнө нь ТҮЦ эрхлэгчид чинь бор ТҮЦ-нүүдийг багагүй мөнгөөр авсан шүү дээ. Тэр өрнөөсөө ч гарч чадахгүй байгаа ТҮЦ-нийхэн 65 сая төгрөгийн шилэн ТҮЦ-ийг яаж авах вэ. Ийм хэмжээний мөнгө гаргаад ТҮЦ худалдаад авчих хүн өнөөдөр бидний дунд /ТҮЦ эрхлэгчдийн/ байхгүй. Тэгэхээр энийг нь хэн авах вэ гэвэл албан тушаалтнуудын гар хөл болдог мөнгөтэй, төгрөгтэй хүмүүс л авна.  Нийслэлийн удирдлагууд энэ ТҮЦ-ээ хамгийн ашигтай буюу автобусны буудлууд дээр байршуулна гэж байгаа. Эндээс дүгнэхэд Монголын төр өнөөдөр мөнгөтэйд нь илүү боломж олгож,  мөнгөгүйд нь "Чи үх" гээд хөөгөөд явуулчихаж байгаа юм.

-Тэгэхээр “Шилэн” ТҮЦ тун удахгүй гарч ирэх нь ээ дээ. Энэ талаар Нийслэлээс албан ёсоор мэдээлэгдээгүй санагдах юм? 

-Харин тийм. Уг нь эхлээд тийм юм байхгүй гэж нийслэлээс ярьж байсан ч “Шилэн ТҮЦ-ийг оруулж ирэх нь нэгэнт тодорхой болсон байна лээ. Би баримттай ярина. Тэр ТҮЦ нь гаалиар орж ирж байгаа зураг нь ч байна. Дээрээс нь Су.Батболд дарга саяхан телевизэд яриа өгөхдөө “Бид нийслэлийн өнгө төрхийг сайжруулах гэж байгаа. Шилэн ТҮЦ оруулж ирнэ” гэж өөрөө ярьж байна лээ. Нийслэлийн удирдлагууд ийм л юм хийгээд байгаа юм. Зүгээр л захирамж, тогтоол нэртэй өөрсдөдөө зориулж дүрэм журам батлаад энгийн иргэдээ хохироогоод байна.

-ТҮЦ эрхлэгчид дотроо их зөрчилтэй, хоёр гурван ч янзын холбоо байгуулагдсан байдаг байх шүү?

-Өнөөдөр ТҮЦ эрхлэгчдийн дунд дөрвөн төрлийн хүмүүс байна. Жишээ нь, таваас дээш ТҮЦ-тэй нэг хэсэг байхад, зарим нь амьдралаа залгуулах зорилготой ганцхан ТҮЦ-тэй нэгэн байна. Хамгийн дээд тал нь 46 ТҮЦ-тэй хүмүүс байна гэж бод доо.

-Тийм олон ТҮЦ-тэй хүн байдаг байх нь ээ?

-Тийм. Энэ хүмүүс нөгөө л мафижсан ажиллагаанд орсон. Жишээ нь, бор ТҮЦ-ийг хийсэн компанийн хүн өөрөө ТҮЦ эрхлэгч гэчихсэн явж байгаа юм.  Энэ бол баримттай. Олон ТҮЦ-тэй иргэдийн тухай мэдээлэл ТЕГ, АТГ-д очсон байгаа учраас би ингэж ярьж байна.

-ТҮЦ эрхлэгч гэсэн нэр бариад төрийн байгууллагад ажилладаг хүмүүс байдаг гэсэн, энэ үнэн үү? 

-Үнэн ш дээ. ТҮЦ эрхлэгч гэсэн нэр бариад төрийн байгууллагад ажилладаг, ТҮЦ-нээс өөр орлоготой хүмүүсийг ТҮЦ эрхлэгчдээс хасах хэрэгтэй. Бидний хувьд хэн нь яг ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулж байна вэ гэдгээ сайн мэднэ. Ер нь ТҮЦ-ний тоог цөөлөх нэрээр чин үнэнчээр худалдаа эрхэлж байгаа хүмүүсийг хохироох ёсгүй. Харин үүний оронд ТҮЦ эрхэлдэг хэрнээ МХЕГ, Нийлэлээс тавьсан шаардлагыг дагадаггүй хүмүүсийг хасах хэрэгтэй. Мөн машин зардаг, төрийн албанд ажилладаг хүн давхар ТҮЦ ажиллуулна гэдэг шударга бус биз дээ. Би ганцхан зүйлийг л хүсэж байна. Өнөөдөр төрийн байгууллага, иргэд хоорондоо дайсагнасан байдлаар биш боломжтой бүх хувилбараар хамтраад ТҮЦ-ний асуудлыг шийдье гэж зорьж байгаа.

-ТҮЦ эрхлэгчид өөрсдөд нь их учир бий. Зөвшөөрөл авдаггүй, нийслэлээс тавьсан шаардлагыг биелүүдэггүй  юм биш үү?

-ТҮЦ эрхлэгчид зөвшөөрөл авддагүй биш харин тэдэнд өгдөггүй. Жишээ нь 13 жил зөвшөөрөл хөөцөлдсөн хүн байна. Би хүртэл таван жил хөөцөлдөж байна. Надаас 2 сая төгрөгийн хахууль нэхсэн. Би тэрийг нь өгөөгүй. Хахуульд өгөх мөнгөөрөө ТҮЦ-ээ тохижуулсан нь дээр.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АТГ(182.160.35.160) 2025 оны 03 сарын 13

за даа батүүл халзан баттулга хоёр л 4 саяын ТҮЦ-ийг 12 саяар та нарт шахаж хотыг жорлонгоор дүүргэсэн шүү дээ. мөнгө ярих гэж байгаа бол батүүл нар 300 ширхэг түц шахаж 87 тэрбумыг олсон тухай яригдаж байгаа шүү

1  |  0
mn(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

...даа гэж энэ улсад бүтэж байгаа юм нэг ч алгаа. ёстой хэлчихье. энэ янзаараа бол бид удахгүй, нөгөө яриад байгаа хужаатайгаа хамт амьдрах болох нь. яачихсан хэзээ хийсэн үйлийн үрийг бид эдэлнэ вэ?

1  |  0
зочин(49.0.218.1) 2025 оны 03 сарын 13

ми.энхболд дорнойн сундуйн баньдаар ТҮЦ--ээр ашиг ологчоор, төв аймгийн шүүхийн будилаан таригч байж алдаршсан хүнийг АТГ-ын даргаар, улаан луйварчин хурцаар ТТГ ийн даргаар тус тус тавьж элбэгдоржийн шудрага бусын хонгилыг бэхжүүлж байгаа юм байна. хэн эх орон ард түмнээсээ илүү өөрийн эрх ашгаа бодогчдоор ми овогтон өөрийгөө хүрээлүүлж чадсан байна.

1  |  0
Top