Боодол өвс хэмжээ жижгэрэх тусам үнэ нь өсч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 06

Энэ жил хамгийн хүйтэн өвөл болно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулаад байгаа. Тиймээс  малчид өвлийн бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй болоод байгаа юм. Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр  15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн  153 сум гандуу байна гэсэн дүгнэлт гарсан. Гантай байснаас малчид өөр аймгийн нутагт очиж хадлан тэжээлээ бэлтгэсэн юм. Малын тэжээлээ хангалттай сайн бэлтгэж чадаагүй малчдын хувьд тэжээл худалдаж авах шаардлага гардаг. Тэгвэл энэ жилийн хувьд тэжээлийн үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй илүү өссөн үзүүлэлттэй байна.  Тухайлбал, нэг боодол өвс 2015 онд дунджаар 2500 төгрөгөөр худалдаалагдаж байсан. Гэтэл өнөөдөр энэ үнэ хэд дахин нэмэгджээ.

Шонхор худалдааны төв болон ТЭЦ 4-р цахилгаан станцын хажууханд байрлах малын тэжээлийн худалдааны төвд пресс өвс 6000-7000 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.

“Шонхор” худалдааны төвд малын тэжээлийн худалдаа эрхлэгч “Энэ жилийн хувьд тэжээлийн үнэ ханш хамаагүй их өссөн. Саяхан л 2500-5000 төгрөгийн хооронд үнэтэй байсан өвс одоо 6500-7000 төгрөгөөр зарагдаж байна.  Малчид "яасан үнэтэй юм бэ" гэж байгаа. Гэхдээ энэ жил их хүйтэн өвөл тохионо гэсэн болохоор аргагүй эрхэнд авч байна. Малчид өөрсдөө хадлангаа хангалттай хэмжээнд бэлтгэж чадаагүй гэсэн сураг гараад байгаа. Худалдан авалт бол өмнөх жилтэй харьцуулахад арай илүү байна. Бусад тэжээлийн хувьд үнэ бас өссөн. Хивэг гэхэд 6000 төгрөгөөр нэмэгдсэн. Цаашдаа үнэ өсөх эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм” гэлээ.  

Малын тэжээлийн худалдагч “Манайд зарагдаж буй тэжээл Орос улсаас орж ирдэг. Орос үнээ нэмбэл манайх ч мөн дагаад өснө. Энэ жилийн хувьд өмнөх жилээс хамаагүй өндөр үнэтэй зарагдаж байна. 25 килограммтай нэг шуудай хивэг 2016 онд долоон мянган төгрөг байсан. Харин одоо 11 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Саяхан 13 мянган төгрөг байж байгаад харин одоо буураад байгаа нь энэ юм. Овьёс 35 килограммтай нь 24 мянга, 40 килограмм нь 29 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна” гэв

“Хонгор тариа”  худалдаа эрхлэгч “Хивэг 25 килограмм нь 11 мянган төгрөг, хорголжин 20 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна. Энэ жилийн хувьд тэжээлийн үнэ өссөн” гэсэн юм.

“Өег гурил” худалдаа эрхлэгч “Манайх одоогоор зөвхөн хивэг л худалдаалж байна. 25 килограммын хивэг 10 мянган төгрөгийн үнэтэй. Нэг тонн нь 400 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Үнийн хувьд улирал болгон өөрчлөгдөж байдаг. Өмнөх жилтэй харьцуулахад борлуулалт сайн байна” гэлээ.

 Тэжээлийн үнэ өссөн нь малчдад дарамт болж байна

Малчин Б.Мягмар  “Тэжээлийн үнэ жил болгон нэмэгддэг. Гэхдээ энэ жил илүү үнэтэй байна. Пресс өвсний боодол нь жил өнгөрөх тусам улам илүү хөнгөн болж, жижгэрч байгаа хэрнээ үнэ улам л өсөөд байна. Энэ жил зуншлага муу, гандуу байсан учраас хадлан тэжээлээ сайн бэлтгэж чадаагүй. Ёстой аргагүй эрхэнд өндөр үнээр авч байна. Хивэг гэхэд л 6-7 мянган төгрөгөөр нэмэгдэж” гэсэн юм.

Энэ жилийн хувьд Улсын хэмжээнд 66 сая толгой мал өвөлжнө. Үүнээс 9.2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоог ХААЯ-аас гарсан.  Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг  бол энэ жилийн хувьд  850.0 мянга орчим  тонныг бэлтгэж 400-гаад мянган тонн өвс дутагдах магадлалтай гэсэн мэдээлэл байгаа юм. Харин дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапидсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой хэмээн салбарын яамнаас мэдэгдсэн. Мөн гурилын дотоодын хэрэглээг хангах 200.0 мянган тонн улаан буудайг импортолбол нэмж 50 мянга орчим хивэг болон багсармал тэжээл үйлдвэрлэх аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(122.201.31.5) 2025 оны 03 сарын 13

Хятадууд хамаг өвсийг хурааж аваад явлсан. Үлдсэн дээр нь өөрсдөө алаан болж байгаа юм биз дээ. Үхэр монголчууд гэж хэн нь яг оноогоод хэлцэн юм бэ, тэр хүнд баатар цол өгье

1  |  0
b(43.242.243.48) 2025 оны 03 сарын 13

yag unen nuurs mun adil uut n jijgereed bdag tegsen herneee une n usuud l

1  |  0
Top