Ю.Лужковыг Москва хотын дарга байх үед орлогчоор нь ажиллаж байсан Александр Новиков уржигдар амиа хорложээ. Олноо “Лужковын хүн” гэгддэг байсан тэрбээр гэрээслэл бичсэнийхээ дараа гэртээ өөрийгөө буудсан байна. Москва хотын экс мэрийг албан тушаалаа ашигласан, авлига авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа энэ үед ийм хэрэг гарсан нь хүн болгоны гайхлыг төрүүлсэн юм. Цагдаагийнхан Шумкины гудамжинд орших гэрт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Албан ёсны бус эх сурвалжлагчийн өгүүлснээр А.Новиков Ю.Лужковыг огцорсонд тун их харамсаж, сэтгэл санаа нь тогтворгүй явах болсон нь амиа хорлоход нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. Мөн ээж нь саяхан нас барсан нь нөлөөлсөн байх гэжээ. Өөрийгөө буудсан ангийн зориулалттай буу нь түүнд хууль ёсны дагуу хадгалагдаж байсан байна. Тэрээр Москва хотын захиргаанд 2010 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл ажилласан бөгөөд Ю.Лужковыг огцорсны дараа банкны Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )