Дэлхийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан хүмүүсийн тоонд зүй ёсоор Гитлер ордог билээ. Гитлерийг түүхэнд 40 удаа алах оролдлогыг хийсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Түүний нэг бол Германы офицер Дэд хурандаа, Гүн Клаус Фон Штауффенберг (1907-1944) юм. Тэрбээр Гитлерийг алах ажиллагаанд оройлон оролцож тусгай даалгавар аван ажиллаж байсан гэнэ. Гэвч түүнийг хөнөөх ажиллагаа удаа дараа бүтэлгүйтсэн байдаг. Энэ тухай Валкир ажиллагаа хэмээх кино хийгдсэн байдаг ба гол дүрийг Том Круз бүтээсэн байдаг юм. Тус кинон дээрх үйл явдал бодит байдлаас тийм ч хол зөрөөгүй аж. Ингээд түүхэнд тодоор бичигдэн үлдсэн үйл явдлыг хүргэе.

1943 оны дундуур дайны явцад эргэлт гарч, Герман ялагдах нь тодорхой болов. Хуйвалдагчид Гитлерийг устган, шинэ Засгийн газар байгуулж, Барууны холбоотнуудтай энхийн гэрээ байгуулбал ЗХУ-ын арми Германы нутагт цөмрөн орохоос сэргийлнэ гэж найдаж байв. 1943 онд Тресков дэд хурандаа, гүн Клаус фон Штауффенбергтэй танилцлаа. Штауффенберг хожим нь халдлагад гол үүрэг гүйцэтгэжээ. Ольбрихт төрийн эргэлт хийхдээ "Валькири" төлөвлөгөөг ашиглах санал гаргав. Гитлерийн энэ төлөвлөгөөнд "Холбоотнуудын бөмбөгдөлтөд өртөж, удирдлагатай холбоо тасарвал Хуурай замын нөөц цэргийг дайчилна" гэж заа-жээ. Хэрэв хуйвалдаан бүтвэл Бек ерөнхийлөгч, Гёрделер канцлер, харин Вицлебан ерөнхий командлагч болох байлаа. Тэд нөөц цэргийн командлагч, генерал фридрих Фроммыг ятгасан ч тэр цэргийн зарим өндөр тушаалтны адил тээнэгэлзэж байв, гэхдээ гестапо болон фюрерт мэдэгдээгүй. Фронтын нөхцөл байдал муудах тусам Гитлер олны өмнө цөөн гарч, хааяа л Берлинд ирж байлаа. Тэр Растенбургийн Вольфшанцегийн штаб, Дорнод Прусст (одоогийн Польш) эсвэл Баваарын Берхтесгаден эдлэнд амьдарч байв. Хуйвалдагчид Францад буй цэргийн командлагч Штюльпнагелемтэй холбоо тогтоожээ. Тэр Францад засгийн эрхийг авч, Холбоотнуудтай хэлэлцээ хийх ёстой байв. Энэ үед Гиммлер болон гестапо Вермахтын төв штабыг сэжиглэж эхлэв. Гэхдээ Гиммлер тааварлаж байсан ч өөрт ашигтай эргэхийг хүлээж байсан бололтой. 1944 оны зургадугаар сарын зургаанд Холбоотнууд Нормандад буув. ЗХУ бүх фронтоор хүчтэй довтолж, улсынхаа хилийг давахаар завдаж байлаа. Иймээс хуйвалдагчид найдвар сул ч үзээд алдахаар шийдэв. Тэд энэ алхмаараа өөрийн болон Германы нэр хүндийг аварч, гэм нүглээ цайруулна гэж үзжээ. Тресковын тус-лах, дэслэгч Генрих фон Лендорф-Штейнорт "Ямар ч үнээр хамаагүй халдлага үйлдэх ёстой. Үр дүн хамаагүй. Германы Эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхийн олон нийт болон түүхийн өмнө гарч ирэх ёстой" гэж Штауффенбергт бичиж байв.
1944 оны долдугаар сарын нэгэнд Штауффенберг хуурай замын нөөц армийн штабын даргаар томилогдож, цэргийн дээд тушаалтнуудын хуралдаанд оролцдог болов. Тэр хэдэн хурал дээр бөмбөг авчирсан ч дэлбэлсэнгүй, учир нь Гитлертэй хамт Гиммлерийг устгахаар шийджээ. Гэтэл тэр ирсэнгүй. Штауффенберг гестапо өөрийг нь баривчлах гэж буйг сонсоод шийдлээ. Тэр 20-ны 10 цагт цагны механизмтай бөмбөг цүнхэндээ хийн, Растенбругт ирэв. Хурал бункерт бус харин түр байранд болов. Гитлер аюулгүй байдлаа маш их анхаардаг ч офицеруудыг нэгждэггүй байсан аж. 12:10-д хурал эхэлж, Гитлер болон 20 офицер ширээ тойров. Штауффенберг цүнхээ ширээн дор тавив. 10 минутын дараа тэр уучлал гуйн гарч явлаа. 12:40-д дэлбэрэлт болж, хоёр генерал, дэд хурандаа болон бичээч амь үрэгдэж, харин Гитлер хөнгөн шархдав. Дэлбэрэлтийн долгионыг зузаан царсан ширээ хаасан байх, эсвэл Штауффенбергийг гарсны дараа хөлд тээглэсэн цүнхийг нэг нь холдуулсан бололтой. Штауффенберг дэлбэрэх чимээ гарч, гал гарахыг хараад даалгавраа биелүүлсэн гэж Берлин рүү мэдэгдтэл 15:00 цагийн үед генерал Эрих Фелльгибель утасдаж "Фюрер амьд" гэв. Эсэргүүцлийнхэн хэнд итгэхээ мэдэхээ байлаа. 16 цагт Ольбрихт дайчилгааны тушаал гарган, цэргүүдээр Берлиний суртал ухуулгын яамыг бүслүүлэв. Штюльпнагель Парист баривчилгаа явуулж, мөн Вен ба Прагт СС ба нацист намынхныг хорьжээ. Энэ үед Гиммлер ил гарч "Валькирия" ажиллагааг зогсоох тушаал СС-д өгөв. Гитлер амьд бөгөөд Штауффенбергийг хайж буйг сонсоод Генерал фромм амиа аврахаар шийдэв. Гэтэл Штауффенберг, Гефтен хоер түүнийг өрөөнд нь хорив. 19 цагт Гитлер өөрөө Геббельс рүү утастав, дараа нь яамыг бүсэлсэн цэргүүдийн захирагч Отто Ремерт Берлинийг хяналтад авахыг тушаав. 20 цагийн үед Бендлерблокад хуйвалдагчид хоорондоо хэрэлдэж, буудалцах үеэр Штауффенберг шархадлаа. 23 цагт Фромм суллагдаж, байдлыг гартаа авав. Бек амиа хорложээ. Фромм цэргийн хээрийн шүүх байгуулж, Ольбрихт, Штауффенберг, Гефтен, Квирнхейм нарт цаазлах ял оноон, 7-р сарын 21-ний 00:10-т тэднийг гадаа, машины гэрэлд буудлаа. фромм Геббельс дээр очиж, бослого дарснаа гайхуултал өөрийг нь баривчилжээ. Уурлаж хилэгнэсэн Гитлер хэргийг сайн судлахыг гестапод даалгав. 5000 хүнийг баривчилж, нэгжлэг явуулах үеэр төрийн эргэлт хийх төлөвлөгөө, фюрерийг алах урьдын оролдлогууд илэрчээ. Тресков өөрийгөө дэлбэлж, фельдмаршал Клюге (Штауффенбергийн хуучин дарга) амиа хорлов. Хуйвалдагчдыг Ардын шүүхээр шүүжээ. 200 хүнийг цаазалс-ны дотор нэг фельдмаршал (Вицлебен), 19 генерал, 26 хурандаа, хоёр элчин сайд, долоон дипломат, нэг сайд, төрийн нарийн бичгийн дарга гурав, цагдаагийн дарга, группенфюрер Артур Небе нар байлаа. Гестапо хувийн тооцоо бодож, гэмгүй олон хүнийг хөнөөжээ. Гитлерийн тушаалаар Плётцензегийн шоронд Вицлебен, Штюльпнагель, Лендорф-Штейнорт, Фелльгибель нарыг цаазлав. Гэхдээ иргэд шиг гильотиноор бус, цэргүүд шиг буудаагүй, харин ярганы газрын дэгээг таазанд өлгөж, төгөлдөр хуурын утсаар дүүжилж байлаа. Жирийн дүүжлүүрээс ялгаатай нь хүзүү хугарч, амархан үхэхгүй, харин хүзүү нь сунасаар хоолой боож, зовж үхдэг. Кино хальсанд буулгасан эдгээр цаазыг Гитлер үзэж, баясах дуртай байсан гэдэг.
Зураг дээр: Штауффенберг, Карл-Йеско фон Путткамер, Карл-Генрих Боденшац болон Адольф Гитлертэй гар барьж буй нь: Вильгельм Кейтель. 1944 оны 7-р сарын 15 буюу ажиллагаа бүтэлгүйтэж түүнийг үхэхээс 6 хан хоногийн өмнө

Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )