Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн М.Дария шүүхэд баярласан сэтгэгдлээ ирүүлжээ. Тэрбээр "Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Р.Асхабыл, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Т.Хуаныш нар манай суманд дөрвөн өдөр нүүдэллээ ажиллалаа. Булган сум нь аймгийн төвөөс 300 км алслагдсан. Зам нь бартаатай, тэр болгон замын унаа яваад байдаггүй тул иргэдийн маргааныг шийдвэрлэхээр эвлэрүүлэн зуучлагч зорьж ирсэн нь бидний ажилд маш их тус болсон.
"Сум хөгжүүлэх сан”-аас зээл авсан иргэдийн зарим нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлээ төлөөгүй. Зээлийг нь шүүхийн журмаар төлүүлэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагчийг шүүхээс дуудах, нотлох баримт цуглуулах гээд удаа дараа аймгийн төв ороход зардал их шаарддаг байлаа. Ийм байдлаар олон маргааныг шийдвэрлэж чадахгүй байхад эвлэрүүлэн зуучлагч Р.Асхабыл, түүний туслах ажилтан Т.Хуаныш нар сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж, дөрвөн өдрийн турш маргааныг газар дээр нь шийдвэрлэлээ. Ингэхдээ 23 иргэнтэй эвлэрлийн гэрээ байгуулан, маргаанаа эвийн аргаар, зардал багатай шийдвэрлэж чадсаныг онцгойлон тэмдэглэхэд таатай байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шүүх нээлттэй, маргаанаа шуурхай шийдвэрлэхээр боллоо” гээд удаа дараа сонссон. Шүүхийн шинэтгэлийн энэ үр дүнг биеэрээ мэдэрлээ. Шүүхээс өмнөх шатанд шийдвэрлэдэг эвлэрүүлэн зуучлагчийн үйлчилгээ бий болсныг, эвлэрүүлэн зуучлагчид хандахад цаг хугацаа, зардал багатай шийдвэрлэхээс гадна хоёр талын харилцааг хэвийн хадгалж үлдэх, эв нэгдлийг чухалчилдаг нь иргэдэд, тэр тусмаа хөдөө амьдарч буй малчдад хүрсэн шүүхийн шинэтгэлийн үр дүн гэж үзнэ. Цаашдаа ч бид хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлэх болно” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ