Сентеррагоулд компани татварт 9 тэрбум төгрөг төлсөн гэж мэдэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 11

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сентеррагоулд Монголия ХХК-ийг улсад татвар төлөөгүй хэмээн шүүмжлэлтэй хандсан. Энэ асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллүүд байр сууриа илэрхийлж буй. Харин Сентеррагоулд Монголия компани мэдэгдэл гаргаж, тусгай зөвшөөрлийн төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар зэрэгт 9 орчим тэрбум төгрөг төлсөн хэмээн мэдэгджээ.

Тус компани мэдэгдэлдээ “Сентеррагоулд Монголия ХХК нь зөвхөн хайгуул судалгааны ажил хийж ирсэн бөгөөд хайгуулын үйл ажиллагаандаа нийт дүнгээр 150 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна. Тус компани нь 2016 оныг дуусталх хугацаанд 10 тэрбум төгрөгийн татвар ногдох орлого олсон нь хайгуулын үйлчилгээ үзүүлсний төлбөр, акталсан тээврийн хэрэгсэл борлуулсны орлого болон харилцах дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн орлого зэргээс бүрдэж байгаа юм.

Сентеррагоулд Монголия ХХК нь үйл ажиллагааныхаа явцад нэг ч унц алт олборлоогүй, ямар нэгэн борлуулалт хийгээгүй хэдий ч суутган тооцсон татвар, тусгай зөвшөөрлийн төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар зэрэгт 9 орчим тэрбум төгрөг төлсөн болно” гэжээ.

 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top