“Сентеррагоулд Монголия” ХХК нь нэг ч унц алт олборлоогүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 10

Сентеррагоулд Монголия болон "Бороо Гоулд" ХХК-ийн Монгол Улсад төлсөн татварын тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан. Тэгвэл "Сентерарагоулд Монголия" болон Бороо Гоулд ХХК-аас тус мэдээллийг залруулан мэдэгдэл хийжээ.

Тус мэдэгдэлд “Канад Улсын Торонто хотод төвтэй Сентерарагоулд корпорац нь Монгол Улсад 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа өрнөдийн томоохон хөрөнгө оруулагч юм.  Бороогийн алтны үндсэн ордыг түшиглэн олборлолт хийсэн "Борогоо Гоулд" ХХК алтны үндсэн ордын хайгуул хийдэг "Сентеррагоулд Монголия" гэсэн хоёр охин компанитай.

"Бороо Гоулд" ХХК нь Бороогийн алтны үндсэн ордноос 2004-2016 онд 56,7 тонн алт олборлож, улс орон нутгийн төсөвт нийт 340 тэрбум төгрөгийн татвар төлбөр хураамжийг төвлөрүүлсэн. Үүнээс  152 тэрбум төгрөгийн орлогын албан татвар , 83 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлт хийсэн.  Монгол Улсын татварын хууль тогтоомжийг сахин биелүүлснийг үндэслэн ТЕГ-аас 2007-2010, 2013, 2015 онд Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч” аж ахуй нэгжээр шалгаруулсан болно.

Бороо Гоулд нь алтны олборолт хийх хугацаандаа орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 160 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 20 гаруй тэрбум төгрөгийн хандив өгсөн.  Тухайлбал, Нийслэлийн нэгдүгээр амаржих газрын 150 ортой зургаан давхар өргөтгөл бөгөөд түүнд 10 орчим тэрбум төгрөг хандивлаж, иж бүрэн тоног төхөөрөмжийг УБ хотын Эрүүл мэндийн газарт бэлэглэсэн байна.

Харин “Сентеррагоулд Монголия” ХХК нь зөвхөн хайгуул судалгааны ажил хийж ирсэн бөгөөд хайгуулын үйл ажиллагаандаа нийт 150 тэрбум төгрөг зарцуулжээ. Тухайлбал, 2016 оныг хүртэл 10 тэрбум төгрөгийн татвар ноогдох орлого олсон нь хайгуулын үйлчилгээ үзүүлсний төлбөр, акталсан тээврийн хэрэгсэл арилжаалсны орлого болон харилцах дансны үлдэгдэлд тооцсон санхүүгийн орлого зэргээс бүрдээ.

“Сентеррагоулд Монголия” ХХК нь үйл ажиллагааныхаа явцад нэг ч унц алт олборлоогүй, ямар нэгэн борлуулалт хийгээгүй ч суутган тооцсон татвар тусгай зөвшөөрлийн төлбөр нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар зэрэг нийт есөн тэрбум төгрөг төлсөн болно” гэжээ. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top