Сүүлийн үед Самсунг электроникс компанийг тойрсон асуудал олон гарч байгаа билээ. Тус компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг групп дотроо байр сууриа нэмэгдүүлэхийн тулд экс ерөнхийлөгчид авлига өгсөн хэргээр 12 жил шоронд хорих ялыг прокурор төлөвлөж байгаагаа өчигдөр зарласан юм.
Азийн хамгийн том компаниудын тэргүүнд тооцогддог Ли өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш хорионд байгаа тухай өмнө нь мэдээлэлж байсан. Энэ сарын сүүлээр түүнийг саатуулж, байцаах хууль ёсны хугацаа дуусах тул наймдугаар сарын 25-нд прокурорын ялын саналыг шүүх хэлэлцэж шийдэхээр болжээ.
Хэрвээ энэ хэвээр батлагдвал Өмнөд Солонгосын томоохон компаниудын удирдлагуудаас хамгийн урт хугацааны хоригдох ял авсан хүн болох юм. Шүүх хурлын үеэр Лигийн хоолой зангирч, олон удаа тасалдан байж сүүлийн үгээ хэлжээ. Тэрбээр нулимсаа арай гэж барьж байсан ба “Би өөрийн хувийн болон компанийн эрх ашгийн төлөө хэзээ ч, хэнээс ч тусламж гуйж байгаагүй. Би ийм асуудалд орооцолдсондоо гүнээ харамсаж, уучлал гуйж байна” гэжээ.
49 настай Ли нь Самсунг группийг үүсгэн байгуулагч, эцэг Ли Кун Хэг 2014 онд хэвтэрт орсны дараа Самсунг Электрониксийг удирдах болсон юм. Тэрээр Самсунгийн хоёр охин компанийг нэгтгэх шийдвэрийг хувь эзэмшигчдээр гаргуулахын тулд экс ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний найз Чой Сүүн Сил нарт авлига өгсөн гэгдэж байгаа. Самсунгийн нэг том хувь эзэмшигч нь Өмнөд Солонгосын үндэсний тэтгэврийн сан байдаг тул шийдвэрт нөлөөлүүлэхийн тулд ерөнхийлөгчөөс дэмжлэг авсан гэж үзээд байгаа юм.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Самсунг өмнөд солонгосын төсвийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг дэлхий дахинд бүтээгдэхүүнээ гаргадаг том компани.Энэ их ач гавьяаг нь бодоод өршөөж болох боловч авилгад өршөөлгүй хатуу хандаж байна.Манайд бол юуч хийж бүтээгээгүй төрөөс төрсөн тэрбумтангууд том албуудыг хашиж байна.Улс орон хөгжихгүй э.засаг доройтоод байгаагийн гол учир энд бий.