Хүнсний аюулгүй байдал хүний аминд хүрсэн нь...

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Хүнсний аюулгүй байдал алдагдвал хүний аминд хүрдэг тийм аюултай зүйл. Гэвч сүүлийн үед чанаргүй хүнсэнд хордсон гэх мэдээлэл маш ихээр цацагдах болов. Хамгийн тод санаж байгаа гурван жишээг энд дурдъя.

Эклерээс хордсон 96 хүн

“Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор өнгөрсөн жил 150 гаруй хүн өвдөж байв. 

Эклерт хордсон эдгээр иргэний 96 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дуулиант мэдээг та санаж байгаа байх. МХЕГ-ын “Ньюсвийтфүүдс” компанид хийсэн шалгалтаар нийт ажилчдын 38 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй, бүтээгдэхүүн тус бүрт технологийн заавар боловсруулж баталгаажуулаагүй, мэргэжлийн технологичгүй, эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу  нэг хоногоор хойшлуулж бичдэг, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илэрч байна. Ийм зөрчил бусад олон хүнсний үйлдвэрүүдэд өнөөдрийг хүртэл гарсаар ...

Үдийн цайндаа хордсон хөөрхий хүүхдүүд

Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа хордсон гэх мэдээлэл байсхийгээд л гарах. Ганцхан жишээг дурдахад, Нийслэлийн 61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 14 хүүхэд үдийн цайндаа хордож, ХӨСҮТ-д хүргэгдсэн мэдээлэл өнгөрсөн онд гарсан. Тодруулбал, “Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 10 орчим хүүхэд хоолны хордлого авсан байна” гэх мэдээллийн дагуу шалгахад тус сургуулийн гуравдугаар ангийн 34 хүүхдээс 14 хүүхэд “Хаан сүү” ХХК-ны “Амтат жигнэмэг”, “Аньсны шүүс” ууж  хордсон нь тогтоогджээ.  Хордсон хүүхдүүдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд, ХӨСҮТ-д эмчлүүлж байв.  

Ах, дүү гурав өндгөнд хордож, нэг нь амиа алдав

Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байсан гурван хүүхэд хоолноос хордож, нэг нь нас барсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарч байв. Тэд захаас чанасан өндөг авч идсэнээс болж ийм байдалд хүрснийг мэргэжлийн байгууллагаас тогтоож байсан. Хамгийн харамсалтай нь өндгөнд хордсон   хүүхдүүд нэг гэр бүлийнх.

Хүүхдүүдийн бага нь зургаан настай бол том нь дунд ангийн сурагч. Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д 6, 11 настай хоёр хүүг эмчилж байсан бол нас барсан 9 настай охин нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдаж байв.

Хаана ч хамаагүй, ил задгай газар хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, түүгээр үйлчлэх нь хүний эрүүл мэнд цаашлаад амь насанд ямар их хор хөнөөл дагуулдгыг дээрх жишээ бэлхнээ гэрчлэх биз ээ. Үйлдвэрлэсэн он, сар нь тодорхойгүй олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн гадуур худалдаалагдаж, хяналтгүйгээр борлуулагдаж байгаа бодит жишээг дээрх болсон үйл явдлаас харж болно. 

Ингээд бодохоор хүний амь насыг авч одох, цаашлаад иргэдийн эрүүл мэндийг үгүй хийх, түүгээр зогсохгүй бүхэл бүтэн улсын аюулгүй байдалд заналхийлж буй чанаргүй хүнсний замбараагүй байдлыг цэгцлэх цаг болсныг харуулсаар байна. Харин энэ бүхэнд хувь хүн, мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн хариуцлагтай байдал хамгийн их чухал юм.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top