“Бид хотжилтын Хятаджсан загварыг дагаж, Улаанбаатарыг хархны үүр болгон бетоноор чигжих үү, хот төлөвлөлтийн уламжлалт соёлыг дагаж, хүнд зориулагдсан, амьд харилцаатай, давтагдашгүй нийслэл хот болгох уу” хэмээн асуугаад дээрх зургийг нэгэн иргэн фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Мэдээж бидний хариулт бол “Хүнд зориулагдсан нийслэл хот” болгох. Гэвч сүүлийн жилүүдэд хот төлөвлөлтийн гэхээс илүүтэй хэн дуртай нь хаана ч хамаагүй ашгийн төлөө барилга байшин барьж байгаа. Түүний ч үр дагавраар өнөөдөр Улаанбаатар хотын ихэнх хэсэг замбараагүй баригдсан барилгаар дүүрэн болов. Юун төлөвлөлт, хүнд зориулагдсан хот болох.
Гэр рүүгээ орох гарах гарц нь хүртэл асуудалтай болов. Замын түгжрэл нь дийлдэхээ болив. Нийт есөн дүүргийн 132 хороодод дээрх асуудал бүгдэд нь тулгарч байна. Ийм байхад Улаанбаатарыг төлөвлөж тооцоолж бүтээн байгуулалт өрнөсөн хот гэх үү. Харамсалтай нь үгүй. Яг үнэндээ манай нийслэлийн дэд бүтэц социализмын үед яаж тавигдсан яг тэр чигээрээ л оршиж байна. Жишээ нь 1980 онд гэхэд нийслэл 380 гаруй мянган хүн амтай байсан. Харин одоо Статистикийн газраас гаргасан хамгийн сүүлийн буюу 2015 оны эцсийн байдлаар 1 сая 345 мянга 500 хүн амтай гэж тоологджээ. Энэ тоо бол зөвхөн албан ёсоор тоологдсон тоо бөгөөд үүний цаана түр оршин сууж байгаа хэчнээн мянган хүн байгааг хэлж мэдэхгүй. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, Улаанбаатар бол хүн амын тоогоороо дэлхийн томоохон хотуудын тоонд орчихоод байна. Харин одоо хот төлөвлөлт л дутагдаад байна. Төлөвлөнө гэдэг нэг утгаараа эмх цэгц юм. Ингэхээр манай нийслэлд эмх цэгц үгүйлэгдэж байгаа юм.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Өнөөдөр УБ цаашид хөгжлийн замгүй болж буй хот.Үүний гол буруутан мэдээж ойлгомжтой.Газрын том бага бүх наймаачид хамааралтай. Тухайн үеийн хот дүүргийн эрх мэдэл бүхий албан тушаалтан,газрын алба,хотын архитекторчид нүглээ наминчлах цаг болсон.Монголын ирээдүйг бусниулсан шүү.Бид ч хэрэлдээд л дуусна .Хойч үе....