Өнөөдөр: Аавуудын өдөр

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Манай улс 2005 оноос хойш жил бүр “Аавуудын өдөр”-ийг наймдугаар сарын 8-д тэмдэглэдэг. Айл гэрийн ноён нуруу, өмөг түшиг аав хүний байр суурь, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийнхээ хүмүүжилд үлгэр дуурайл болсон олон зуун аавуудаар бахархах, хүндлэх, үр хүүхэд нь хайрлах, энэрэх, хүүхэд аав хоёрын нандин харилцааг бэхжүүлэх зорилгоор энэхүү өдрийг санаачилжээ.

Монголын эрэгтэйчүүдийн холбооноос энэ жил “Аавуудын оролцоог дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Мөн нийслэлийн есөн дүүргийн гэр бүлийн хөгжлийн газруудад зорилтот бүлгийн аав нарыг оролцуулсан аав хүүхдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн, аав хүүхдийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага, сургалт зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар болжээ.

АНУ-ын Сонора Дод гэдэг охин анх санаачлан, аав Уильям Смартыг хүндэтгэн “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэх болжээ. Түүний эцэг иргэний дайны ахмад дайчин бөгөөд эхнэр нь нас барж, зургаан хүүхдээ ганцаар өсгөж хүмүүжүүлсэн эр юм. Аавынхаа төрсөн өдрөөр буюу зургадугаар сарын 19-ний өдрийг Вашингтон мужийн Споканед тэмдэглэснийг АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Коолиж дэмжин 1924 оноос үндэсний хэмжээний баяр болгохоор шийдвэрлэжээ. Харин Ерөнхийлөгч Линдон Жонсон 1966 оноос жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гаригийг АНУ-ын “Аавуудын өдөр” болгон зарласан байдаг. Үүнээс хойш Аргентин, Канад, Чили, Нидерланд, Турк, Венесул зэрэг улс тэмдэглэж иржээ. Монгол Улс “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон болжээ.

Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2005 онд олон нийтийн дунд аавуудын өдөртэй болох санал асуулга явуулж, тус оны наймдугаар сарын 8-д анх удаа тэмдэглэж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил энэхүү баярыг 14 дэх жилтэйгээ золгож байгаа бөгөөд “Аавуудын оролцоог дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Эх сурвалж: ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top