Онгон байгалийг “дахин урлагч” Ансел Адамс

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

Гэрэл зургийн урлагийг Ансел Адамсаас өмнөх ба хойш гэсэн хоёр хэсэгт ангилж болно гэдэгт ихэнх урлаг судлаачид санал нэгддэг. А.Адамсаас өмнөх үед гэрэл зураг нь төдийлөн өргөн дэлгэрээгүй, өөрөөр хэлбэл, урлаг гэж хэлэгдэх түвшинд арай хүрээгүй байсан хэрэг. Харин Ансел болоод түүний үеийнхний хийсэн техник, арга барилын шинэчлэлтийн тусламжтайгаар одоогийн түвшиндээ хүрэх алхмаа хийсэн гэж үздэг.

А.Адамсын хувьд Хойд Америкийн онгон зэлүүд байгалийн зургийг ихэвчлэн авдаг байсан бөгөөд үүгээр байгалиа хэрхэн хамгаалахыг америкчуудад зааж байлаа. “The Tetons and the Snake River” (1942) хэмээх дээрх зураг бол одоо Вайоминг мужийн нэрийн хуудас болсон Тетонсын дархан цаазат газарт орших Снейк голын зураг юм. Дархан цаазат газар байгуулагдах үйл хэргт энэ зураг шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байдаг. Тэрбээр чаддаг ажлаараа дамжуулан байгаль хамгаалах ажлыг өмнө нь ч хийж байсан бөгөөд 1936 онд Калифорнийн Кингс-Каньонд авсан зургуудаа Вашингтонд илгээж, тэнд Үндэсний дархан цаазат газар байгуулах ажилд дэм өгч байсан юм. Энэ бүхнээс харахад тэрээр сайхан зураг аваад түүнээс ээ таашаал аваад суудаг биш, үр нөлөөг нь үзэж чаддаг, нийгэмд нөлөөлөхийг хичээдэг хүн байсан гэдэг нь илэрхий. Түүний энэ арга барил бусад уран бүтээлчдэд “халдварлаж”, байгаль хамгаалах үйлсэд нөлөө үзүүлсэн гэдгийг тооцож ач холбогдлыг нь үнэлээд А.Адамсын бүтээлүүдийг “Эх дэлхийг аварсан зургууд” гэж нэрлэдэг бөлгөө.     

 

С.Төгөлдөр    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top