Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Б.Баттулга наймдугаар сарын болон ирэх өвлийн төлөвийг танилцууллаа.
ЭНЭ ЗУН ХӨРСНИЙ ГАДАРГА ДЭЭР 70 ГРАДУСТ ХҮРЧ ХАЛЛАА
Энэ жил Монгол орны нийт нутгаар зуншлага оройтлоо. Долоодугаар сар гарсаар Төв болон зүүн аймгуудын нутгаар 5-128 мл, бусад нутгаар 40 мл, баруун ба говийн аймгуудын нутгаар харьцангуй бага орж, үе үе хүчтэй нөөлөг салхи, хэт халалт, мөндөр үер ус зэрэг байгалийн аюултай үзэгдэл ойр ойрхон давтагдсан онцлог сар болж өнгөрлөө.
Долоодугаар сарын эхний хагаст Орхон, Сэлэнгийн сав газар болон зүүн аймгуудын нутгаар 32-42 градус хүртэл халж, говийн нутаг Дорнод Монголын талаар 14-26 хоног өдөртөө 30 градусыг давж халж, халуун хөрсний гадарга дээр 55-70 градуст хүрч халсан.
Энэ нь бэлчээрийн болон таримал ургамлын гарцад сөргөөр нөлөөлж, зуншлага муудах, ой хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүллээ.
ЭНЭ САРЫН СҮҮЛЧЭЭР ЦОЧИР ХҮЙТРЭХ ТӨЛӨВТЭЙ
Наймдугаар сарын цаг агаарын нөхцөл байдал. Наймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй.
Хур тунадас төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 45-100 мл, говийн нутгаар 13-40 мл, бусад нутгаар 42-70 мл хүртэл ордог. Дундговийн зүүн, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага орохоор байна. Баян-Өлгий, Хөвсгөлийн хойд, Увсын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Наймдугаар сарын 5-нд зүүн зүгийн нутгаар, цаашдаа сарын дунд болон 20-д гаргаад ихэнх нутгаар аянга цахилгаантай, түр зуурын бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.
Нэгдүгээр 10 хоногийн дунд болон 10-даар нутгийн зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд болон сүүлчээр төвийн ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орох төлөвтэй байна. Наймдугаар сарын сүүлчээр уулархаг нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0-5 градус хүрч, цочир хүйтрэх мэдээ гарсан байна.
Энэ зуны зуншлагын байдал, наймдугаар сарын төлөвтэй уялдуулж ирэх өвлийг хамгийн хатуу өвлөөр тооцож, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайтар хангах, хадлан тэжээлийн нөөцийг хангалттай түвшинд бэлтгэх шаардлагатай байгааг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )
yu ch urgahgui bhd yugaa hadahaw dee