Мэндчилгээ

2017 оны 08 сарын 03

Эрхэм хүндэт төмөр замчид, тээвэрчид Та бүхэндээ Монгол Улсад Төмөр замын тээвэр үүсч хөгжсөний түүхт 79 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Төмөр замчид бид жил бүрийн билэгт сайн өдөр цуглаж ажил хөдөлмөрийн арвин ургацаа бусадтайгаа хуваалцаж, үйлс замнал, ирээдүйгээ ярьж хэлэлцдэг сайхан уламжлалтай билээ. Монголын төмөр зам ТӨХК нь төмөр замын бас нэгэн айл болж өрхөө татаж, галаа асааснаар даруй 9 жилийг үджээ.

Манай компани үүсэн байгуулагдсан цагаас Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд өөрсдийн зүгээс зохих хувь нэмрээ оруулж Шинэ төмөр зам төсөл, Тяньжин дахь тээвэр ложистикийн төсөл, Ачааны вагон үйлдвэрлэх төслийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа төдийгүй Замын-Үүдийн шилжүүлэн ачих анги, Төмөртэй өртөөний төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулж өнгөрсөн жилд 1 сая тн, энэ оны эхний хагас жилийн байдлаар 600 мянга орчим тн төмрийн хүдэр тээвэрлэж Монгол Улсын ачаа тээх үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан амжилтаар энэхүү мэргэжлийн баярын өдрөө угтаж байгааг дуулгахад таатай байна.

Бид цаашид дээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан үндэсний компани болох зорилтыг дэвшүүлэн өөрсдийн бүхий л хүчин чадлаа дайчлан, шинийг эрэлхийлж, оновчтой шийдэл гаргахыг хичээн ажиллаж байна. Төмөр замчдынхаа өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагын хүрээнд Төмөртэй өртөөний ажилчдын 24 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд компанийн эзэмшлийн Замын-Үүдийн 60 айлын орон сууцыг төмөр замчдадаа хувьчлах ажлыг салбарын яам, УБТЗ ХНН-тэй хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Улс орны хөгжил дэвшлийн хөтөч нь болж ирсэн Төмөр замчид та бүхэндээ өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа улам бүр бататгаж, ирээдүйд их бүтээн байгуулалтыг цогцлоон хөгжүүлж, ажил үйлс нь өөдөө дэвшиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн сайхан баярлаарай.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top