Ливийн Засгийн газрын цэргүүд нэгэн эмэгтэйг зочид буудалд оруулан хоёр хоногийн турш хүчирхийлснээс бол НАТО тус улс руу цэрэг оруулах шалтгаа олсон гэх дүгнэлтийг зарим эх сурвалж хийх болжээ. Энэ тухай CNN сайт мэдээллээ. Тухайн үед өрнөсөн үйл явдлыг эргэн сөхье.
Хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэй зочид буудалд цай ууж суусан сэтгүүлчид дээр гэнэт орж ирсэн бөгөөд нүүр ам, хөл гар нь хөхөрсөн байжээ. Тэгээд доор өгүүлсэн түүхийг ярьсан байна. Эмэгтэй Бенгази хотын оршин суугч аж. Тэгээд Засгийн газрын цэргүүд хотыг мэдэлдээ авмагцаа хүчирхийлэл үйлдэж эхэлсэн бөгөөд түүнийг л гэхэд 15 цэрэг хоёр өдрийн турш хорьж хүчирхийлж байсан гэнэ. Эмэгтэй англи хэл мэдэхгүй ч ливи хэлээр хөхөрсөн нурууны хэсгээ харуулан “Тэд намайг яасныг хараач” гэж орилж байжээ. Сайтад тавигдсан бичлэгт хохирогч эмэгтэй олон улсын сэтгүүлчдийн дунд энэ тухайгаа мэдээлж байх юм. Тэрбээр болсон явдлыг уйлан хайлан ярихын зэрэгцээ амь нас нь аюулд орсон учир барууны аюулгүй орон руу гэр бүлээрээ гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Зарим нэг эх сурвалж хохирогч эмэгтэйг биеэ үнэлэгч байсан гэж батлахыг оролдсон ч эмэгтэй өмнө нь хэлсэн үгнээсээ буцахгүй гэжээ. Хохирогч гэгдэх эмэгтэйн эх ондоотой ах Ведад Омар харин дүү охиноо ганц бие, ямар ч гэр бүл байхгүй гэж мэдэгджээ. Эмэгтэйг орж ирж мэдэгдэл хийсний дараа зочид буудлын эзэн “Тэнэг мал” хэмээн харааж хутга гарган дайрсан байна. Зочид буудлын бусад ажилчид ч хар өнгийн бүтээлгийг эмэгтэй рүү шидэлж байжээ. Тэнд байсан албаны хүмүүсийн зарим нь байдлыг намжаах гэж оролдсон бол зарим нь маргаанд оролцож, сэтгүүлчид рүү ч халджээ. Эмэгтэйг “ухаан солиотой” гэж үзэн эмнэлэг рүү авч явсан байна. Харин дараа нь ухаан санаа эрүүл болохыг нь тогтоон, хэрэгтнүүдийг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар, энэ нь эвслийн цэрэг, босогчдын зохион байгуулсан жүжиг байж болох талтай аж. Тайлбарлавал, эвслийн цэргийн удирдлагыг НАТО гартаа авсан үед энэхүү үйл явдал болсон бөгөөд Ливид хуурай замын цэрэг оруулах “Дөрөв, тавдугаар сар” нэртэй ажиллагааг хэрэгжүүлэхэд зайлшгүй ямар нэг шалтаг хэрэгтэй байсан гэнэ. Ингээд энэхүү төлөвлөгөөг боловсруулсан гэсэн мэдээлэл тус сайтад гарчээ. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Ливийн эрх баригчдын цэргүүд энгийн ард иргэдийг хүчирхийлж байгаа гэсэн мэдээллийг дэлхий нийтэд хүргэх кампанит ажлыг эхлүүлсэн гэж хардах үндэс байгаа аж.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )