Зөрчлийн тухай хууль шинээр батлагдан энэ оны долдугаар сарын нэгний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед цахим хуудсаар Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна гэсэн яриа гараад байгаа юм. Энэ тухай ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн хэвлэлийн ажилтан С.Пүрэвдоржоос тодрууллаа.
- Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байгаа гэсэн мэдээлэл тархаад байна. Энэ үнэн үү?
- Иймэрхүү ташаа мэдээлэл гараад байгаа. Зөрчлийн тухай хууль шинээр батлагдан энэ оны долдугаар сарын нэгний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иймэрхүү мэдээлэл гараад байх шиг байна. Уг цуу яриа ор үндэслэлгүй, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй. Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
- Эрхээ хасуулсан жолооч үнэмлэхээ дахин сэргээхэд ямар болзол хангасан байх ёстой вэ?
- Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жил хүртэлх хугацаагаар хасуулсан тохиолдолд жолоодох эрхээ сэргээх тухай өргөдөл, эрүүл мэндийн хуудас, лавлагаа авна. Лавлагааг ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний заалны цонхноос авдаг. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хор уршиг сэдэвт сургалтанд хамрагдах ёстой. Сургалтыг ЦЕГ-ын Лицензийн төвийн хоёр давхарын сургалтын танхимд ажлын өдрүүдэд 11:00 - 12:00 явуулж байгаа. Эдгээр болзлыг хангасны дараагаар замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалт өгнө. Шалгалтыг долоо хоног бүрийн ажлын өдрүүдэд 13:00 - 15:00 цагийн хооронд ЦЕГ-ын Лицензийн төвийн их танхимд авдаг.
- Нэг жилээс дээш хугацаагаар эрхээ хасуулсан жолооч яах вэ?
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээс дээш хугацаагаар хасуулсан, мөн эрхээ хасуулаад нэг жил сэргээгүй буюу түүнээс дээш болсон тохиолдолд Замын хөдөлгөөний хууль дүрмийн долоо хоногийн давтан сургалтанд авто сургууль /курс/-т суралцаж шалгалтанд хамрагдана. Шалгалт өгч тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ажлын гурав хоногийн дотор сэргээж байгаа.
- Шалгалтандаа унасан тохиолдолд дахин шалгалт өгөх боломжтой юу. Шалгалт өгч буй хүмүүс юун дээр их алдаж байна?
- Тэнцэтлээ шалгалт өгөх боломжтой. Хэрэв шалгалтандаа тэнцээгүй бол үнэмлэх олгохгүй. Шалгалт өгч байгаа хүмүүс онолоо сайн унших хэрэгтэй байна. Сайн бэлдээгүйн улмаас шалгалтандаа унах тохиолдол олон. Ганцхан жишээ дурдахад нийт шалгалт өгч байгаа хүмүүсийн 24.3 хувь нь “МУ-ын ЗХД-ийн 8 дугаар зүйлийн 8.3-д "Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно" гэж заасан байдаг” гэсэн асуултанд унадаг. Тиймээс шалгалтандаа сайн бэлдээрэй.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Согтуугаар жолоо барьсан жолооч нарыг бүүр хатуу хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хутга бариад дайрч байгаа алуурчинтай ялгах байхгүй
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126