Харанхуй хонгилд хүү хархнаас хамгаалах мууртайгаа нуугддаг байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

Италийн кино найруулагч, жүжигчин Roberto Benigni-ын Life Is Beautiful (1997) гэх гайхалтай бүтээлийг үзээгүй хүн ховор биз ээ. Тус кино нээлтээ хийсний дараахан найруулагч киноны зохиолтой ижил түүхтэй хүн байж магад хэмээн эрэл хайгуул хийжээ. Улмаар АНУ-ын архиваас Юзеф Янек Шляйфтайн гэх хүүгийн талаар мэдээлэл олсон байна. Тэрээр 1941 оны гуравдугаар сарын долоонд Польшийн Sandomierz хотод еврей гэр бүлд мэндэлжээ.


1942 оны зургадугаар сард Częstochowa хотод гангийн үйлдвэрт еврейчүүдийг ажиллуулахаар нацистууд баривчилгаа хийж, түүний гэр бүлийг авч явав. Ажиллах боломжгүй өндөр настан, хүүхдүүдийг хорт хийтэй өрөөнд оруулж олноор нь амийг нь хороож байлаа. Юзеф Янек Шляйфтайн хүүг аав нь хонгилд нууж чадсан бөгөөд тэр үед хүү ердөө л нэг настай байв. Үүнээс хойш хүү жил хагасын хугацаанд харанхуй хонгилд хархнаас хамгаалах мууртайгаа нуугдсан байна. Аав ээж хоёр нь түүнийг хооллохоор бууж ирэх үед л гэрэл хардаг байв. Улмаар 1943 онд Германы аймшигт Buchenwald-ын хорих лагер руу бүгдийг шилжүүлжээ. Энэ үед хүүдээ аав нь тоглоом гэж итгүүлж хоёр нас таван сартай хүүдээ томоотой баж чадвал ёотон өгнө гэж амлаад уутанд хийн ачиж явжээ. Аав нь хүүгээ замын турш бүү хөдлөөсэй гэж залбирсаар явсан гэдэг.

Хүүгийн ээжийг Bergen-Belsen хорих лагер руу хуваарилсан бөгөөд аав хүү хоёр л үлдсэн аж. Buchenwald-ын хорих лагерт хүү хоригдлуудын авчирж өгсөн талх, борооны усаар амь зогоож байлаа. Хүү чанга ярдаггүй байсан бөгөөд зөвхөн шивнэж ярина. Нэг удаа нэгжлэгээр хүү илэрч байсан ч түүнийг барьсан хуяг ижил насны хүүтэй болохоор өршөөж байжээ. Аав нь түүнд хэрэв харуулд баригдвал хар шидтэн гарч ирээд аваад явна гэж айлгадаг байв. Тус хорих лагерт 20 орчим хүүхэд нууж байсны дотор ирээдүйн нэрт кино зураглаач дөрвөн настай Stefan Zweig хүү байжээ.

1945 онд дайн дуусахаас хэдхэн сарын өмнө Юзеф Янек Шляйфтайн хүү санамсаргүй байдлаар хорих лагерийн даргад баригдаж аав нь түүний амийг гуйж, азаар мөн амьд гарч байв. Зүүн фронт руу дахин нүүлгэн шилжүүлэлт болох үед хүү 1945 оны 11-р сар хүртэл эмнэлэгт нуугдсан байна. Аав Израиль нь Шляйфштейн хүүгийнхээ хамт дайны дараа эхнэр Эсфирээ хайж олж, гэр бүл элэг бүтэн уулзжээ. 1947 онд Юзеф Янек Шляйфштайн хамгийн залуу дайны гэмт хэргийн гэрч болсон байдаг. Тэд гэр бүлээрээ 1948 онд АНУ-д нүүн ирж амьдарчээ. 60 дөхсөн Юзеф Янек Шляйфштайн өмнө нь энэ түүхээ хэвлэлийнхэнд хэзээ ч ярьж айгаагүй бөгөөд нэг л удаа ярилцлага өгсөн юм. Хэдий олон жил өнгөрсөн ч сэтгэл санааны маш хүнд байдалд ярилцлагаа дуусгасан гэдэг.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top