МОХОШГҮЙ, МЯТРАШГҮЙ их зүтгэл, итгэл тань монгол түмний минь омогшил юм шүү, гавьяат аа!

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

Түмний хүү байна гэдэг хэцүү. Тэр олон хүний итгэл найдвар, урам зоригийг өөрийн сэтгэл зүрхэндээ багтааж явна гэдэг амаргүй ачаа. Тийм л ачааг үүрч, ийм л хариуцлагыг ухамсарласан хүний зүрх сэтгэл эх орон, түмэн монголчуудынхаа төлөө үргэлж цохилж байдаг юм. Тэгвэл тэр л зүрх сэтгэлийн эзэн, монгол түмний хүү, гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр маань К2 уулын 6450 метрийн өндөрт гарсан ч, оргилд нь хүрэлгүй замаасаа буцахаас өөр аргагүйд хүрснээ зарлаад байна. 

Тэрбээр энэ талаар “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээрээ ганцаараа бүх ачаатайгаа үлдсэнээр авиралтаа цааш үргэжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил долоон шэрпаа, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй ээ уучлаарай”  гэжээ.

Зүгээр дээ, гавьяат минь. Уучлалт гуйх буруу юм та ердөө хийгээгүй. Гэхдээ зүрх сэтгэлийг чинь ойлгож байна. Та жирийн нэгэн бус зүрх сэтгэлдээ монгол түмнийхээ итгэлийг тээж явдаг түмний хүү, түүнийгээ ухамсарласан Монголын бахархалт хүмүүн болохоор уучлалт гуйж учирласан нь энэ биз ээ. 

Уулын спорт гэдэг ямар хүнд сорилт байдаг, тэртусмаа догшин К2 ямар хатуу хайрхан гэдгийг элгэн садан монголчууд тань ойлгож байгаа. Тийм болохоор та "Уучлалт гуйх" хэрэггүй. Харин ч танаар монгол түмэн чинь бахархаж байна. Дэлхийд цуутай тийм догшин хайрханы 6450 метрт монгол хүний мөрийг тамгалж чадсанаар тань омогшиж байна. 

Кавказын гайхамшигт өндөрлөгүүдээс эхлээд энэ дэлхийн ноён оргил Эверестийн магнайд элгэн садан, монгол түмнээ "үүрсээр" төрийнхөө далбааг мандуулж явсан чинь л бидэнд хангалттай. 

Дэлхийн долоон оргилын тавынх нь зулайд хүрч чадсан тэр л амжилт чинь бидэнд хангалттай.

Үргэлж өөдөө тэмүүлж, өр зүрхэндээ Монголоо тээж явдаг энэ л зүрх зориг тань бидний бахдал юм шүү. Тиймээ "Намайг энэ хүртэл дэмжиж, дээлийн зах мушгиж суусан та бүхэндээ баярлалаа. Би заавал даагаа нэхэж, төрийнхөө далбааг энэ сайхан хайрханд мандуулах болноо" гэсэн таны энэ МОХОШГҮЙ, МЯТРАШГҮЙ их зүтгэл, итгэл тань монгол түмний минь омогшил юм шүү. 


С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.95.188) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье.

1  |  0
MGL(103.10.20.58) 2025 оны 03 сарын 13

Залуу минь чамаар бахархаж байгаа шүү. Танихгүй ч гэсэн амьд ирээсэй гэж залбирч байлаа.

1  |  0
Close menu