Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иргэд шүүхдэлцэхээс илүүтэй эвлэрэлийг чухалчилдаг болжээ. Энэ талаар Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаа ярьсан байна.
Шүүхээр үйлчлүүлж, хуульд заасан олон шат дамжлагыг дамжсанаас эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлэх нь хялбар гэдгийг иргэд ойлгодог болжээ. Хүмүүс маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх сонирхолтой, шүүхэд хандсан ч эв найрамдалтайгаар төгсгөх хүсэлтэй байдаг аж.
Ховд аймаг дахь анхан шатны шүүхэд гэхэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлдэг иргэдийн тоо өсчээ. Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн 60 гаруй хувь нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгддэг байна.
Орон нутгийн хэмжээнд эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байгаа хэргийн ихэнх нь зээлийн маргаан байдаг аж. Тэдний 80 хувь нь эвлэрдэг гэнэ. Харин гэр бүл, хөдөлмөрийн маргаан нь нийт хэргийн 10 орчим хувийг эзэлдэг байна.
Гэр бүлийн маргааны хувьд залуучууд салах нь ихэсчээ. Тэд тэвчээр багатай, сэтгэл санааны хувьд тогтворгүй, бэрхшээлийг даван туулах чадвар дутмагаас салдаг аж. Мөн олон жил ханилсан, олон хүүхэдтэй, дунджаас дээш насны гэр бүлийн салалт ч ихсэх хандлагатай болжээ. Үүнд ажилгүйдэл, архидалт голлох шалтгаан болдог байна. Гэхдээ олон жил ханилсан, хүүхэдтэй гэр бүл эвлэрэх нь их аж. Орон нутгийн хувьд салахаар шүүхэд хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрдэг байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )