Нийслэлийн ногоон бүсэд өрөөсгөл, хүр эрвээхэйн нүүдэл нүүрлээд эхэлсэн байна. Тоосонцрын харшил, ноос ноолууран хувцсыг сүйдлэхээс гадна хүний нүдийг хүртэл сохлох аюултай өрөөсгөл гэх энэ эрвээхэйг устгах ажлыг холбогдох албаныхан нь зохион байгуулаад эхэлжээ. Энэ талаар "Ноднин жил ОХУ-ын Сибирийн ой түймэрт автаж, тэндээс их хэмжээний эрвээхэй нүүдэллэн манай улсад ирсэн. Сибирийн эрвээхэйгээс гадна өрөөсгөл хүр эрвээхэй ч бий. Эдгээрийн тоо толгойн багасгах, устгах ажилд энэ жил улсын төсвөөс 19 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүний дагуу хот орчимд хүр эрвээхэйг “Гэрлэн урхи”-аар барих ажлыг эхлүүлсэн. Хамгийн түрүүнд Найрамдал зуслан орчмын эрвээхэйг барьсан. Одоо Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи” тавьж байгаа. Эрвээхэй барих ажлыг мэргэжлийн хүмүүс хийж гүйцэтгэдэг. Иргэдийн хувьд эрвээхэй барих үеэр үдшийн 22 цагаас хойш гэрлээ унтраавал сайн байна. Хүр эрвээхэй гэрэл рүү тэмүүлдэг. Тиймээс олон газарт гэрэл асааж сарниулахгүй урхи тавьсан гэрэл рүү олноор нь авчрахын тулд айл өрхүүдийг гэрлээ унтраахыг зөвлөж байгаа. Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй хаана хамгийн олон байгааг тогтоосон. Тэр дагуу ажиллаж байна. Наймдугаар сарын 10 орчмоос эрвээхэйн өндөг түүх ажлыг эхлүүлнэ. Нийтээр нь устгахын тулд хор цацаж болох ч ойд хүмүүс зугаалах, хүүхэд багачууд цэцэг жимс түүхээр очдог тул хор цацахыг хориглосон. Тиймээс гэрлэн урхиар барих, өндөг түүх гэх мэт механик ажлыг гүйцэтгэж байна" хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн байна. Өрөөсгөл, хүр эрвээхэй нь асар их хор хөнөөлтэй тул хувь хүмүүс доорх зөвлөмжийг дор бүрнээ сахихыг сануулъя.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )
Selh iin zuslangaar mash ih bna
Za