Команд штабын сургууль онол, практикийг хослуулах нь илүү үр дүнтэй

2017 оны 07 сарын 29

“Хааны эрэлд-2017” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулахаар ротын түвшний хээрийн сургалтыг зохион байгуулж байгаа.

Энэ жилийн команд штабын сургуульд олон үндэстний 1 бригад, Монгол Улсын Зэвсэгт хүчний 1 батальоны штаб, АНУ-ын 2 батальоны штаб тус тус оролцож байна. Энэ нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчний штаб төдийгүй секторын штабт бие даан үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн болон Монгол Улсын Зэвсэгт хүчний батальоны штаб, сектор хүчний штабт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх зорилготой юм.

Энэ жилийн команд штабын сургуулийг Монголын талаас Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчаар нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Р.Энхболд удирдаж байгаа. Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний талаас ноён Пэли Росдал удирдан явуулж байна.

Ноён Пэли Росдалын тухай сонирхуулахад, тэрээр Швед улсын иргэн бөгөөд Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний талаас тавьсан хүсэлтийн дагуу гэрээ байгуулан “Хааны эрэлд” сургуульд найм дахь жилдээ оролцож байгаа аж. Түүний хувьд манай улсаас гадна Зүүн өмнөд Азийн орнуудад энэ төрлийн дасгал сургуулилтыг удирдан ажилладаг туршлагатай нэгэн юм. Мэдээж команд штабын сургууль англи хэл дээр явагдаж байгаа бөгөөд ирэх өдрүүдэд ярилцах, хэлэлцэх сэдэв нь улам чангарна гэж удирдагчид нь хэлнэ лээ.

Онолын сургалттай зэрэгцээд хэсэгчилсэн дадлагуудыг янз бүрийн цагийн байдлыг өгч зохион байгуулахаар төлөвлөсөн. Цэргийн шийдвэр гаргах ажлын дараалал нь нарийвчилсан, нэлээд хугацаа шаардагддаг сургалт. Тиймээс онолын мэдлэг олгосны дараа тодорхой хэмжээнд дадлагатай хослуулан хийвэл илүү үр дүнтэй байна гэж үзэж буйгаа сургуулийн удирдагчид онцолж байв.

Image may contain: 1 person

Дэд хурандаа Р.Энхболд: -Команд штабын сургууль олон орны офицеруудаас бүрдсэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний штаб, бригадын болон батальоны штабууд ажиллаж байгаа. Энэ жилийн сургуулийн гол онцлог нь батальоны штабаас өгөгдсөн даалгаврыг Монгол, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан рот хэрхэн биелүүлж байгааг харах боломж гарч ирж байн. Үндсэндээ бодит цагийн байдалд үндэслэж байна гэсэн үг. Өмнө нь команд штабын сургуулийг зохион байгуулахдаа газрын зураг, баримт бичиг ашиглаж, байлдааны шийдвэр гаргадаг байсан бол энэ жил команд штабын сургуулиас гаргасан шийдвэрээ бодит байдлаар мотобуудлагын ротуудад өгч, тэднийг үүргээ хэрхэн биелүүлж байгааг харах боломжтойгоор зохион байгуулж байгаа. Энэ удаагийн команд штабын сургуульд 20 гаруй орны 100 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.

Image may contain: 1 person, sky and outdoor

Пэли Росдал: -БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг дэмжих “UNIMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл базааж байгаа батальоны штабын удирдлагуудыг сургалтад хамруулж байгаа. Штабын удирдлагуудад ажиллагааны газар оронд цагийн байдлыг зөв оновчтой үнэлж ажиллах дадлага, туршлагыг олгох нь бидний зорилго. Нөгөө талаас цагийн байдлын дүрд НҮБ болон олон улсын Улаан загалмайн гишүүд оролцоно. Энэ нь олон улсын бусад байгууллагаас туршлага солилцох том боломж гэж харж байна. Мэдээж цагийн байдлыг БНӨСУ-ын одоо байгаа бодит байдалтай нийцүүлж өгнө. Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагаас ч гэсэн ажиллагааны газар орны цагийн байдалтай нийцүүлсэн сургалт явуулахыг хүссэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
v(122.201.21.170) 2025 оны 03 сарын 13

SANSARIIN TSEREG BUR SUULDEE

1  |  0
Top