“Шүүхийн үйлчилгээний төв” үүдээ нээлээ

2017 оны 07 сарын 28

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Шүүхийн үйлчилгээний төв”-ийнхөө нээлтийг (2017.07.27) хийлээ.

2017 онд шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьсантай холбогдуулан шүүхүүд үйлчилгээний шинэ стандарт нэвтрүүлж буй юм. Үйлчилгээний шинэ стандартын нэг хэсэг болох "Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Тамгын газрын дарга Д.Ганбаатар болон албан хаагчид оролцлоо.

Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар нээлтийн үеэр "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг "Шүүхийн үйлчилгээний жил” болгосон билээ. Манай хамт олон энэ ажлын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь "Шүүхийн үйлчилгээний төв” юм. Энэхүү төв нь олон нийтэд тав тухтай, ил тод нээлттэй, түргэн шуурхай үйлчилж шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой” гэлээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх мөн "Нээлттэй шүүх” танхимдаа "Иргэн өөртөө үйлчлэх хэсэг”-ийг тохижуулжээ. Энэ хэсэгт шүүхийн үйл ажиллагааны хөтөч, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны хөтөч мэдээллийн самбар, өргөдөл, гомдол, хүсэлт, нэхэмжлэлийн загвар, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хаана төлөх зэрэг тайлбар мэдээллүүдийг байршуулсан аж.

Ингэснээр шүүхээр үйлчлүүлэгч өөрт шаардлагатай мэдээ, мэдээллийг "бие даан олж авах боломж бүрдэж байгаа юм. Мөн шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн санаа бодлыг тогтмол сонсох үүднээс санал хүсэлтийн хайрцаг, дэвтэр байрлуулжээ. Үүнээс гадна иргэд www.admincourt.gov.mn, фэйсбүүк дэх "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх” хаягаар болон 11325162 дугаарын утсаар санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтойг танилцууллаа.

 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu