Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын ажлыг эхлүүлжээ

2017 оны 07 сарын 27

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар бүрэн холбохоор тусгасан. Энэ дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто замын ажлыг эхлүүлжээ.

Тус замын ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон орон нутгийн удирдлагууд, нутгийн ард иргэд энэ сарын 26-ны өдөр албан ёсоор нээв. Энэхүү автозам 7 метрийн өргөнтэй, 5 см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3-р зэрэглэлийн авто зам болох юм.

 Энэ зам нь Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж байгаа. Ашиглалтанд орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэнэ. Мөн гадаад, дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Зам , тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн үеэр “Азийн авто замын сүлжээний АН-32 буюу Мянганы замын хэвтээ чиглэлийн нэг хэсэг болох энэхүү авто замашиглалтад орсноор Завханчууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож,тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж цаашлаад орон нутагт үр өгөөжөө өгөх ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Энэхүү замын үргэлжлэл болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км замын барилгын ажлыг дээрх хөнгөлөлттэй зээлийн авто замын салбараас хэмнэгдсэн хөрөнгөөр барихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тус зам ашиглалтад орсноор 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.

Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК ажиллаж байна. Харин туслан гүйцэтгэгчээр дотоодын 4 компани ажиллаж байна аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu