Ховд аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газар, Гадаад иргэн, харъяатын баруун бүс дэх газар, Нийгмийн даатгал, Мэргэжлийн хяналтын газар, Монгол банкны Ховд аймаг дахь салбар, Татварын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй зөрчил хянан шалгах эрх бүхий албан тушаалтнуудад биечлэн сургалт болон ярилцлага хэлбэрээр энэ сарын 21-24-ний өдрүүдэд хэсэгчлэн зохион явуулсан байна.
Сургалтаар 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр хүчин төгөлдөр хэрэгжсэн Зөрчлийн тухай хууль, түүгээр зохицуулагдсан зөрчил түүний хугацаа, шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүгээр батлагдсан зөрчлийн хугацаа тоолох аргачлал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалал, гомдол, хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, түүнд оролцогчийн эрх үүргийн зохицуулалт зэрэг сэдвүүдээр сургалт, ярилцлагыг явуулжээ.
Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын ЗШШАХТХэлтсээс ирүүлсэн 13/2777 тоот чиглэл, УЕП-ын баталсан 2017 оны А/54, А/56, А/75 дугаартай тушаал, ХЗДХС, СС, УЕП-ын хамтран баталсан 2017 оны А/71,235, А/176 дугаар тушаал, УЕП, ХЗДХС-ын хамтран баталсан А/79,А/174 дугаар тушаалуудыг танилцуулан цаг үеийн шинжтэй асуудлаар харилцан асуулт, хариулт хэлбэрээр ярилцлагыг өрнүүлсэн нь зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудаас хуулийн үзэл баримтлал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны онцлог, цаашид хурдан шуурхай, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд нь чухал сургалт болсон байна.
Цаашид дээрх сургалтын хөтөлбөрийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэхэд холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудыг 2017 оны 08 сарын 01-10-ны өдөр хүртэлх хугацаанд шат дараатайгаар бүрэн хамруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа ажээ.


Сэтгэгдэл ( 0 )