Наадмын түрүү бөх хэн бэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

 

  Монгол төрийн наадам хэдхэн хоногийн дараа эхэллээ. Эр бяр, хүч чадлаа гайхуулан барилдах хүчит бөхчүүдийнхээ барилдааныг шимтэн харах үзэгчид таамаг тавин хүлээж байна. Хэний хүү наадмын дэвжээг чимж, цолоо ахиулж, нутаг усныхаа нэрийг гаргах бол гэсэн үзэгчдийн халуун хүлээлтэд  байна. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаан онц сонирхолтой, үзэгч олноо шуугиулсан сайхан барилдаан болж таарна. Тэр бөх түрүүлнэ гэж барилдааныг таамаглах аргагүй. Арав гаруй жилийн тэртээ аварга Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням, арслан Д.Мөнх-Эрдэнэ, залуу заанууд болох Д.Сумьяабазар, А.Сүхбат, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Б.Ганбат нар зүлэг ногоон дэвжээг эзэгнэж байсан тэр үе шиг их шөвөг, үзүүр түрүүний бөхчүүдийг нэрлэж боломгүй. Тэртээх 2000-аад оны залуу заанууд ч тэр үедээ босоо байсан. Харин одоогийн хүчит бөхчүүдийн барилдааны өрсөлдөөн улам ширүүссэн.

Тэдгээр залуу заануудаас одоо Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Б.Ганбат гарьд бөхийн ертөнцдөө илүүтэй “үнэнч”  үлджээ. Г.Өсөхбаяр аварга өнгөрсөн жилийн баяр наадамд дөрөв давж, тавын даваанд аймгийн арслан (начин болсон) Л.Шинэбаатарт өвдөг шороодсон. Өсөхөө аварга шинэ начин төрүүлэхгүй л бол тав давчих боломж бий.

Өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлсэн С.Санжаадамба аварга, үзүүрлэсэн Р.Пүрэвдагва болон их шөвөгт үлдсэн аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, заан Б.Пүрэвсайхан нар дээгүүр барилдах боломжтой. Мөн аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, гарьд Г.Рагчаа, Н.Ганбаатар, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба,  заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж, Т.Санчир, харцага Ц.Содномдорж нар дээгүүр барилдах аралтай бяртай, үзүүр түрүүнд ч яригдах бөхчүүдийн тоонд багтаж байна. Эдгээр бөхчүүд бол өнөө цагийн өнгийг тодорхойлж буй хүчитнүүд. 

С.Санжаадамба аваргыг сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлнэ гэж үзэгч олон таамаг дэвшүүлж ирсэн. Өнгөрсөн жилийн баяр наадамд бөх сонирхогчдынхоо итгэл найдварыг хүлээж арав даван түрүүлсэн. Энэ жилийн баяр наадамд ч дээгүүр барилдах, түрүүлэх бөхчүүдийн тоонд оруулж байна. Сар шинийн баяр наадамд түрүүлсэн. Бэлтгэл сургуулилт нь сайн байгаа.

Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж гээд уран хурц барилдаанаараа үзэгчдийг шуугиулж байдаг эдгээр хүчтэнүүдээс ч гал гарсан барилдаан гарна даа. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байгаа энэ цагийн хүчтэнүүд. Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нарыг хэдийнээ түрүүлэх бөхчүүдийн тоонд оруулаад эхэлсэн. Тогтмол сайн барилдаж байгаа бөхчүүд. Үзүүр түрүүнд үлдэхэд гайхах зүйлгүй.

Дээр нь нэмэгдээд Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Н.Батсуурь гэсэн залуу аваргуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөж таарна. Эдгээр нэгэн үеийн аварга, арслан, гарьд, заан, харцагуудаас л үзүүр түрүү, их шөвөгт үлдэх болов уу даа. Хэнийг нь ч түрүүлнэ гэж хэлэх боломжгүй. Хэнийнх нь наадмын од гүйж, торгон ногоон дэвжээнд эр бяраа гайхуулан барилдахыг таахад бэрхтэй.

Улсын баяр наадамд аймгийн цэргийн цолтой залуу бөхчүүдээс дээгүүр барилдахыг үгүйсгэхгүй. П.Бүрэнтөгс аймгийн арслан цолтой барилдаж 2012 оны улсын баяр наадамд түрүүлсэн бол, Н.Батсуурь, Э.Оюунболд нар харцага цолтой түрүүлж арслан цолны болзол хангаж байлаа. Улсын начин, харцага цолтнуудаас түрүү бөх тодрох боломжтой. Залуу бөхчүүдээс Ховд аймгийн арслан О.Хангай дээгүүр барилдах боломжтой бөхчүүдийн тоонд орж байгаа. Тогтмол сайн барилдаж байгаа аймгийн арслангуудын нэг. Улсын цолонд хүрээд зогсохгүй, дээшээ өгсөж барилдах боломжтой залуучуудын нэгээр нэрлэгдэж байна.

Бүтэн жил хүлээсэн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаа шимтэн үзэх цаг ойртжээ.

Үндэсний их баяр наадамд 2000 оноос хойших түрүүлсэн бөхчүүд:

Он

Түрүүлсэн бөхийн нэр

Аймаг

Даваа

2000

А.Сүхбат

Төв

9

2001

А.Сүхбат

Төв

10

2002

Г.Өсөхбаяр

Архангай

9

2003

Г.Өсөхбаяр

Архангай

9

2004

А.Сүхбат

Төв

9

2005

Г.Өсөхбаяр

Архангай

9

2006

Д.Сумъяабазар

Өвөрхангай

10

2007

Х.Мөнхбаатар

Хөвсгөл

9

2008

Д.Ганхуяг

Өвөрхангай

9

2009

Г.Өсөхбаяр

Архангай

9

2010

Б.Ганбат

Увс

9

2011

С.Мөнхбат

Увс

10

2012

П.Бүрэнтөгс

Увс

9

2013

Г.Эрхэмбаяр

Сэлэнгэ

9

2014

Н.Батсуурь

Увс

9

2015

Э.Оюунболд

Хэнтий

9

2016

С.Санжаадамба

Архангай

10

Т.Амараа

ZINDAA.MN 

Top