Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд хийж буй авиралтын талаар ZINDAA.MN сайт тухай бүрт нь мэдээлэл хүргэж байгаа билээ.
Зургадугаар сарын 16-нд Улаанбаатараас хөдөлсөн тэрбээр арав хоногийн дараа оргилын үндсэн баазад очсон юм.
Уулчид долдугаар сарын 1-нээс бусад орны уулчдын хамт 6000 метрийн өндөрт нэгдүгээр отог /Кэмп 1/-оо байгуулахаар дээшилсэн. Тэгвэл бидэнд ирсэн мэдээллээр манай уулчин Г.Өсөхбаяр өчигдөр нэгдүгээр кэмпээ байгуулсан байна.
К2 ууланд хүчтэй цасан шуургатай, цасны нуралт ихтэй байгаа тул өндөр авалтын бэлтгэл хийх боломж муу байгаа аж.
Манай уулчны хувьд долдугаар сарын 10-15-нд үндсэн авиралтаа хийхээр төлөвлөж байгаа. Г.Өсөхбаяраас авсан мэдээллээр энэ үед цаг агаар тааламжтай байх хамгийн өндөр магадлалтай байгаа ажээ.
Энэ удаагийн хувьд К2 оргилыг зорьсон олон улсын дөрвөн багийн 50 гаруй уулчид Үндсэн баазад ирсэн. Тэд хоёр хуваагдан, өөр өөр замаар оргил руу өгсөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
