Хятадууд Алс Дорнодыг эзлэх төлөвлөгөөтэй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

Хятадууд Алс Дорнодтой хиллэдэг Хэйхэ-Цзяинь мужийг холбосон 114 км, Суйбинь-Цзяинь мужийг холбосон 103 километр замыг ганцхан жилийн дотор хийж дуусгаад энэ онд Хэйлунцзян мужаас шууд ОХУ-ыг чиглэсэн хүнд даацын автозамыг тавих ажлыг эхлүүлжээ. Үүнээс гадна Баоцинь-Мишань Хутоу-Улиньдун зэрэг хил орчмын суурин газруудаа жижиг гэлтгүй хүнд даацын машины замаар холбож байгаа аж.  Уссурийн хязгаарын Хэясяцзи арал Фуюань суурин (Ердөө л тосгон шүү дээ) хоёрыг заагласан 36-хан километр зайг хүнд даацын автомашин явах зориулалттай замаар холбожээ. ОХУ БНХАУ-ын харилцааг судалдаг эрдэмтэн А.Аладин хятадууд хоёр улсын хилийн орчимд зам ихээр барих болсон явдал удахгүй эхлүүлэхээр зэхэж байгаа дайнтай холбоотой гэдэгт итгэлтэй байна. Худалдаа аялал жуулчлалын зорилгоор ашиглаж болох ч Хятадын бусад мужуудад байдгаас илүү өргөн, төмөр бетон голдуу хийцтэй дээрх замыг хамгийн гол нь Алс Дорнодын төлөөх дайнд ашиглах зорилгоор байгуулсан гэсэн таамаг үнэнд илүү ойр гэж үзэхэд хүргэж байгаа аж.

 “Ийм замаар хүнд техник, тэр тусмаа зөөгч пуужин, хуягт машинууд явах бүрэн боломжтой. Ирэх жил Хятадууд хил орчмоор дахин томоохон хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Зэвсэг техникээ ОХУ-ын цөмрүүлэхийн тулд шүү дээ” хэмээн тэрбээр өгүүлж байна. Хоёр улсын хилийг шинэчлэн тогтоох ажиллагааны үеэр ОХУ 337 км кв. талбайтай  Аргунь Читийн хязгаарын Том, Тарабаров хэмээх арлаа Хятадад шилжүүлж өгсөн билээ. Эдгээр арал дээр Алс Дорнод руу довтлох сайхан түшиц газар байгуулах болсонд А.Аладин хамгийн их харамсч явдаг аж. Энэ тухай тэрбээр “Одоо Хятадын цэрэг Хабаровскт хоёроос гуравхан цагийн дотор хүрч очих боломжтой болсон. Уссурийн хязгаарт түшиц газар нь байгаа юм чинь. Хятадын цэрэг орж ирсэн тохиолдолд манайх барьж тогтоох ямар ч боломжгүй. Тэнд манай муу бэлтгэгдсэн 85 бригадаас өөр цэрэг байхгүй шүү дээ ” хэмээн өгүүлсэн юм.

Хятадууд Батлах хамгаалах салбарынхаа төсвийг жил бүр нэмэгдүүлсээр ирсэн. 2015 онд БХЯ-ндаа 78 тэрбум ам.доллар төсөвлөсөн гэх боловч үүний цаана дахиад дор хаяж 30 тэрбум ам.доллар байгаа гэж үзэх бүрэн үндэстэй юм. Төсвөө ингэж нууцлах нь аль ч улс оронд жирийн үзэгдэл байдаг юм байна. Хятадууд сүүлийн үед алсын тусгалтай пуужин бүтээх ажилд ихээхэн анхаарал тавьж, амжилтад хүрсэн бөгөөд хил дээрээс харвасан пуужингууд нь зүүн Сибирь, Камчатка тэр ч бүү хэл Москва, доод Новогород, Уралд хүрч тусах боломжтой болжээ. Хятадын тал Алс Дорнод дахь бүх нисэх баазыг ганц удаагийн гэнэтийн довтолгоогоор л сүйрүүлэх боломжтой юм. Учир нь Алс Дорнодод агаарын довтолгооноос хамгалах систем байхгүй. “Сувдан эрэг”-ийн түүх давтагдана гэсэн үг.

А.Аладины хэлсэн үгээр тэмдэглэлээ төгсгөе.  “Одоо хятадууд стратегийн түншлэл гэх нэрийн дор Орос, Монголын хилийн дагуу шалган нэвтрүүлэх цэг, боомт нээх сонирхолтой байгаа.  Зам, гүүрийг ч ихээхэн хэмжээгээр байгуулж байна. Энэ бүх ажлаа амжуулсны дараа дайн эхлүүлэх болно. 2018 он хавьцаа л эхлэх болов уу. Алс Дорнод одоо зургаан сая орос хүн амьдарч буй бол хэдхэн алхмын (хилийн) цаана 141 сая хятад язганалдаж байгаа. Дайн эхлэхгүй байсан ч тун удахгүй Алс Дорнод дахь хятадуудын тоо оросуудаас илүү гарна. Бид тэдэнд зэс, алт, вольфрам, молибдена, ванади зэрэг ашигт малтмалыг их хэмжээгээр нийлүүлж байгаа. Энэ металлууд тун удахгүй танк, онгоц, пуужин болоод орж ирэх болно”

 

С.Төгөлдөр

 

Top