Нэгэн гэр бүлийн таван хүн амиа алдсан онц ноцтой хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 22-нд гарсан билээ. Олныг сэрдхийлгэсэн энэ хэрэг гарсан өдөр эхнэр, нөхөр болон дөрөв, зургаа, 11 настай гурван хүүхэд нас барсан юм. Тэгвэл энэ хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Цагдаагийн I хэлтэс ажиллаж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Удалгүй гэр бүлээрээ амь үрэгдсэн эл хэргийг Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байдаг. Улмаар тус хэлтсээс гэрийн эзэн талийгаач залуу, эхнэр гурван хүүхдээ хөнөөж, дараа нь өөрийгөө егөөтгөсөн гэж үзээд, хавтаст хэргийг прокурор руу шилжүүлжээ. СХД-ийн прокурор хэргийг хянаад “Эзэн холбогдогчгүй, гол буруутай этгээд нас барсан” шалтгаанаар хэргийг өнгөрсөн долоо хоногт хэрэгсэхгүй болгосон байна.
Өөрөөр хэлбэл, өрхийн тэргүүн буюу талийгаач 39 настай Х гэр бүлийнхнээ хөнөөсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдвол гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан тул хуулийн дагуу энэ хэрэг ийнхүү хэрэгсэхгүй болжээ.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
