Г.БААТАРЖАВЫН ХЭРЭГ ГЭЖ ЮУ БАЙВ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 01

Монголын Ардын Армийн (Цэргийн?) Жанжин Штабын дарга, хурандаа, Гомбожавын (Дотоод Яаманд Жанжин Штаб бас байсан юм байх даа гэж би гайхдаг байлаа. Гэтэл НАХЯ-ны Архивт олон жил ажилласан дэд хурандаа Д.Буджав надад “Нэг хэсэг Ардын Цэрэг, Дотоод Яам хоёр нийлж хамт байсан юм” гэж хэлж өгсөн) xүү Баатаржав 1-р сургуульд байв. Тэр надаас гурав ах, манай байрны атаман, яваандаа байраар барахгүй том атаман болсон Геркесийн ангид байсан. Баатаржав 1971 онд 10-р ангиа төгссөн гэсэн үг. Манайхыг Яамны гурван давхарт байхад бас тэнд байсан. Хурандаа Гомбожав гуай бол маш дөлгөөхөн, даруухан сайхан хүн байсан. Тэр сайхан зан чанарыг нь том хүү Зориг, бага хүү Мягмаржав нар нь өвлөсөн. Мягмаржав надаас нэг дүү, Батжав нь нэг ах байл уу даа. Хожим Мягмаржав “Хөдөлмөр” нийгэмлэгийн хоккейн шигшээ багийн хаалгач, оны шилдэг хоккейчин цол авч байхыг би харсан. Манай ах Л.Батсайхантай МУИС-ийн цахилгааны инженерийн анги цуг төгссөн Бадрал ах тэр тэмцээнийг зохион байгуулдаг, манай бас нэг ах Л.Төмөр ивээн тэтгэдэг, шилдэг хоккейчний шагналыг Л.Төмөр ах минь Г. Мягмаржавт гардуулсан.
Яамны байрны  гурван давхрын атаман Батсүхийг бид цөм маш их хайрладаг, “шүтдэг” байв. Яамны гурав-т орос эхнэртэй эр, нэг орос хүүтэй. Бид цөм ах дүү олуулаа харин  айлын ганц хүүхэд тэр үед бидэнд их л содон санагддаг байлаа. Тэр хүү монголоор хазгай муруй, бага зэрэг ярьдаг, аав ээжтэйгээ оросоор ярихад нь үеийн хүүхдүүд: “Ямар мундаг юм бэ? Оросоор ийм мундаг ярьж байна” гэлцэхэд би: “Энэ чинь орос хүүхэд юм чинь” гэдэг байснаа бодоход би одоо биш юмаа гэхэд багадаа үеийнхнээсээ илүү ухаалаг байгаа юу даа, ккк. Орос эх ганц хүүдээ жигтэйхэн хайртай, Батсүхт захидаг тул орос хэлний мэдлэгээс нь гадна Батсүхээс айгаад нэг ч хүүхэд түүнийг дээрлэхэхгүй атал нэг өдөр “нэг юм” болж, аав нь Батсүхт бүх бурууг тохож зодож, алгадаж, атаман маань бултаж, харж зогссон бид атаманаа улам шүтэж энэ тэр. Дараа нь 8-р ангид орсон хойноо би багын, байрны атамантайгаа “Ард” кинотеатрт тааралдахад намайг таниад “Сайн уу, Батбаяр?” гэж мэндлэхэд нь би их баярлаж, хийморьтой яваагаа гайхаж байснаа бодоход нялх багын хүндлэл минь лавтай арван жил үргэлжилжээ. Атаман Батсүх мэдээж маш гоё охин дагуулчихсан явж байв. Батсүх надаас 4-5 ах байсан болов уу. Хэдэн жилийн дараа Батсүх сураггүй алга болж, “Найдангийн Батсүхийн хэрэг” хэмээх хэзээ ч илрээгүй хэрэг Монголын Эрүүгийн хэргийн түүхэнд нэгээр нэмэгдсэн.
Намайг 7 настай байхад манайх “Яамны гурав” гэх байрнаас нүүж 1963 оны намар, шинээр барьсан 2-р 40 мянгатын Түргэн Зурагчин-тай, 5-р байранд орсон. 6-р ангиасаа би Г.Баатаржавыг болон энэ хэрэгт оролцсон Д.Ганбатыг, ер нь тэдний ангийнхныг мэдэж эхэлсэн. 9-р ангийн том хүүхэд байж 6-р ангийн намайг “Нааш ир, хоёулаа ийшээ, энэ буланд очоод уулзъя” гэж байсан нэг гөлийсөн юм бол Дэчингийн Ганбат. 7-р ангидаа Шинэ жилийн 5 цаасны бэлгээ аваад харьж явтал ЗХУ-ын ЭСЯ-ны урдахь  гудамжнаа 10-р ангийн согтуу Баатаржав тааралдаж, бэлгийг минь дээрэмдэж, “1-р сургуулийн ганц Баатаржав удахгүй үхнэ! Үхэх, үхэхдээ буудуулж үхнэ!” гэхчлэн шалчигнаж, би жилд ганц болдог хамгийн том баяр (Тэр үед Цагаан Сар одоогийнх шиг ийм нүсэр болдоггүй байсан.) Шинэ жилийн бэлгээ дээрэмдүүлсэндээ ихэд сэжиглэн зэвүүрхэж байснаа бодоход улаан соц. үед ч гэсэн нэлээд “мухар сүсэгтэй” байжээ дээ, би. ккк.
Ингээд Баатаржавын хэрэг рүүгээ оръё. Намайг 8-р ангид байхад МУИС-ийн 1-р курсийн оюутан болсон Баатаржав 5-р курсийн оюутан бүсгүйд дурлаж араас нь гүйж. Цаад бүсгүй: “Миний дүү эгчээрээ оролдож яахнав дээ. Би чамаас эгч, тэгээд ч би хайртай хүнтэй” гэж учирлахад сагсуу тэнэг Баатаржав бүр ч шарлахаж, өнөө залууг нь нүдэлж аваад, МУИС-ийн Шинэ жилийн үдэшлэг тараад явахад нь араас нь гурвуулаа дагаж, ганц залууг элбэж зодоод, улмаар Яамны хоёр давхар гэх байрны доод хонгил – подвальд чирж оруулаад, бүр нэмж зодоод, дээрээс нь картон цаас, банз мод зэрэг элдвийн хогоор дарж нуугаад гарч явцгаажээ. Соц. Монголын цагдаа хэзээ ч муу байгаагүй! Одоо л олигархи, төрийн томчууд хутгалдсан хэргийг илрүүлэхээ больчихоод байгаа болохоос. Ийм хэрэг гарсныг дор нь мэдээд тэр подвальд нуугдан отож хүлээв. Атаманцар Баатаржав тэр залууг үхсэн болов уу, яасан бол, гарч яваад цагдаа дуудаж байгаа болов уу ч гэсэн үү, нэг бацаанд юу болсныг мэдээдэх гэж “үүрэг өгч” өнөөх подваль руу оруулахад цагдаа нар нь дор нь барьж аваад, нөгөө бацаан ч айж уйлан “Баатаржав намайг ийш нь оруулсан” гэж, ингээд энэ хэрэг дороо баригдсан. Бодвол Шинэ жилийн үдэшлэг нямд болсон болов уу, Даваа гарагийн өглөө Баатаржав, Ганбат нарын гурван нөхрийг МУИС-ийн хичээл дээрээс нь баривчилжээ. Тэр үед сонин хэвлэл иймэрхүү хэргийг мэдээлдэггүй байсан ч ахаасаа олж сонссон би ангидаа “Нөгөө Баатаржав чинь!” гээд л эхлэх гэтэл манай ангийн Эрдэнэбилиг маань: “За, за! Тийм ээ, дуулсан!” гэж намайг тас цохих гэж оролдоход нь “адилхан буриад болохоороо юм уу, эсвэл хамаатан садан, найз нөхөд юм болов уу” гэж би гайхаж билээ. Үгүй тэгээд сонин хэвлэлээр шуугиагүй ч дорхноо улс даяар биш юм гэхэд Улаанбаатар даяар шуугьсан. Манай анги даасан багш, физикийн Шондуг: “Хар, Та нар, тэр Баатаржавыг! Хүн зодсоор байгаад, балбаж нүдсээр байгаад алсан! Тийм муухай зэрлэг хэрэг үйлдсэн!” гэж байв. Анги даасан, уран зохиолын багш эмэгтэй Цэнджав? 10-р ангийн Баатаржавыг хувийн хэрэгт нь: “Ямар ч хэрэг хийж мэдэх, хаашаа ч, хэнийг ч дагаад савсалзаж мэдэх хүүхэд” гэж тодорхойлсон нь яруу алдарт 1-р сургуулийн нэрийг цэвэр авч гарахад том гавьяа болжээ.
Ингээд Шүүх хурал болов. Баатаржав бүр нүднээс гартлаа турж эцээд, зүгээр ярьж ч чадахгүй, шүд ам нь зуураад, хоёр гараараа хоёр завжнаасаа татан байж арай гэж хэлсэн үг нь: “Надад дээд хэмжээ өгвөл ээж минь сонсоод бас үхээд өгөх вий гэж айж байна” гэсэн утгатай. Түүнд хуулийн дээд хэмжээ – цаазаар авах ял онооход ухаан алдан унажээ. Хоёр дахь этгээд болох, 9-р ангийнх байж 6-р ангийн намайг “ийшээ, буланд уулзъя” гэж томордог гөлгөр нөхөр бол тухайн үед? НАХЯ-ны сайд асан Дэчин генералын хүү Ганбат шүүх хурал дээр, магад аав нь зааж өгсөн байх, өчгөө маш зөв өгч: “Би ийм хэрэг гарсныг хэлье гэж бодоод ангидаа сууж байсан. Завсарлага болонгуут районы цагдаа руу очьё гэж бодож байтал цагдаа нар орж ирээд хичээл дээрээс намайг баривчилсан. Би энэ хэрэгт оролцоогүй, би талийгаачийг зодоогүй, би зүгээр Баатаржавын хажууд нь зогсож байсан” гэж ярьсан. Тиймээс түүнд гурван жил хорих ял онооход: “Би энэ хэрэгт хамаагүй! Та нар намайг шоронд орохыг хараарай!” гэж томорчээ. А-я-я, соц. үед ч гэсэн НАХЯ-ны сайдын хүү өнөөгийн олигархийн хүү шиг томорч байж шүү. Гурав дахь этгээдийн нэрийг харамсалтай нь би мартжээ. Түүнд бас гурван жилийн ял оноосон.Тэр залуу харин хэргээ шударгаар хүлээж гэмээ гэмшсэн үг хэлснийг бодоход мань эр Баатаржавтай нэлээд хамсарч, талийгаачийг зодож барьсан уу, эсвэл аав нь НАХЯ-ны сайдаас хамаагүй доогуур зэрэглэлийн хүн байсан уу, бүү мэд ээ. Баатаржавын ээж нь хөөрхий, “Та нар миний талийгаач нөхрийг амьд байсан бол хүүд нь цааз өгч чадахгүй байсан ш дээ!” гэж орилж гүйж, хөөцөлдсөөр байгаад Баатаржавт өгсөн дээд хэмжээг 15 жилээр солиулсан. Соц. монголын шүүх хурал дээр томорсон Дэчин генералын хүү яг л томорсноороо болж, гурван жилийн ял аваагүй, цэрэгт гурван жил явж, “ялаа” хаалгасан. Харин гуравдагч залуу гурван жил суусан болов уу.
Чи яаж ийм сайн мэдэж байгаа юм бэ? Чи тэр шүүх хуралд суусан юм уу гэж үү? Үгүй ээ, 8-р ангийн сурагч би тэр шүүх хурал дээр байгаагүй ч Баатаржавын паралель, тооны ангид нь байсан, арваа төгсөөд бас МУИС-д ороод, факультетийнхээ Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүрийн дарга байсан найз минь тэр шүүх хуралд МУИС-ийн оюутны төлөөлөл болж суусан юм. 1983? онд надад үүнийг ярьсан. Тэр бас 1-р сургуулийн 8в – 10в тооны ангид сурч байхад нь 1-р сургуульд урьд хожид үзэгдээгүй хүнд гар паралель ангийн хөвгүүд “нэг нь орж ирээд л манай ангийнхныг эхнээс нь аваад л зодож зодчихоод гараад явахад өөр нэг нь зөрж орж ирээд л бас ангийн хөвгүүдийг маань нэг бүрчлэн зодчихоод гараад явдаг байсан” гэж ярьж билээ. Ккк, Манай Геркес манлайд нь явсан бол уу, аль эсвэл бүр үгүй ч байх, дээрлэхэхгүй хүнээ дээрлэхдэггүй, хүн чанартай залуу байсан, угаасаа хүн (манай байрны ТМС төгссөн тэнэг бацааныг нэг бяцхан атаман дээрлэхэхэд нь) өмөөрч шоронд ороод, нэгэн цагт Улаанбаатарын атаман явсан “хогийн Бамбаруушийг Ерөөд өмөөрч, “Чи муу ядарсан, хөгшин хулгайч дээлэхээд байхдаа яадаг юм” гэж Далайн Ваняг цохиж унагаад, өнөөх нь орныхоо гудсан дороосоо хутгаа авч Геркесийг хутгалаад, алсан байдаг.
ЖИЧ: Би Г.Баатаржав, Д.Ганбат нарыг “сагсуу, атаманцар, шалчигнаж, гөлийсөн” гэхчлэн бичсэндээ тэр хоёроос бол уучлал гуйхгүй ээ. Магадгүй тэр хоёр залуугийн алдаа эндэгдлээ засаад аятай тохитой хүмүүс болсон ч байж болох ч. Харин тэр хоёрын үр хүүхэд, ах дүүс, хамаатан саднаас уучлал гуйж байна. Тухайн жилүүдэд болсон муу үйл хэрэг хойч үед нь хамаагүй.
                                                                         

                                                                            Лувсангийн БАТБАЯР
                                                                                        2017 – 6 – 30 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.23) 2025 оны 06 сарын 08

Тэр үед НАХЯ-орлгч сайд Дэчин гэдэг хүн байсан байх.

0  |  0
Дэчин(128.199.80.68) 2025 оны 03 сарын 13

Юу бичих гээд юу бичив ээ. Одоо тэгээд тэр Баатаржав гайхал чинь амьд уу ухсэн уу

1  |  0
хүмүүсийн нэрийг зөв(103.26.193.51) 2025 оны 03 сарын 13

тэр үед нахя сайд дэчин гэж бгаагүй бх дэжид гэж бсан болов уу

1  |  0
мартаж болохгүй(103.26.193.51) 2025 оны 03 сарын 13

соц үед ч луйвар бсан. үнэнийг бичижээ.соц үед цагдаа заавал олно.шүүх ч ялладаг бсан. одоо цагдаач хэрэгсэхгүй болгоно жаахан ойлгомжгүй бичжээ.90 ээд онд сонин дээр бичигдэж бсан юм

1  |  0
Зассс(202.70.46.233) 2025 оны 03 сарын 13

Үхсэн баас. Шоронгийн тав болсон юмнуудыг бахархах уу? Олигтойхон юм бичиж байгаач.

1  |  0
nereer(122.201.24.146) 2025 оны 03 сарын 13

AMERIK TSERGIIN SALBARAASAA NOMER NEG HORONGO ULS OROND TUSLAMJ

1  |  0
olnii huch(122.201.24.146) 2025 оны 03 сарын 13

MONGOLD BAT HAMGAALAHAAS NOMER NEG HORONGO ORJ IRNE SURGAALIIN HUCH

1  |  0
munhnaran eej(122.201.24.146) 2025 оны 03 сарын 13

MUNHNARAN EEJ SURGAALD SUUGAACH

1  |  0
yag mudak(210.179.211.38) 2025 оны 03 сарын 13

zonog tolgoi hend heregtei yum j

1  |  0
Мудак(125.133.27.10) 2025 оны 03 сарын 13

Юу ч ойлгосонгүй хахаха

1  |  0
Top