Ё.Батдархан: Манай хүүхдүүдэд Иранд өрсөлдөгчөө судлах боломж гарч ирж байна

2017 оны 06 сарын 26

Монголын чөлөөт бөхийн өсвөр үеийн эрэгтэй тамирчид /2017.06.23/ Иран улсыг зорилоо. Манай тамирчид энэ сарын сүүлээр “Ядегар Имамын цом” өсвөр үеийн багийн олон улсын тэмцээнд оролцох юм. Монголын багийг ахалж яваа Дархан-Уул аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Ёндонпүрэвийн Батдархантай Ираныг зорихын өмнө цөөн хором ярилцлаа.

-Өсвөр үеийн эрэгтэй баг тамирчид өнөөдөр Ираныг зорьж байна. Яг ямар тэмцээнд оролцох гэж байгаа вэ?
-Ираны чөлөөт бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд “Ядегар Имам цом” өсвөр үеийн хөвгүүдийн багийн тэмцээн оролцох гэж байна. Чөлөөт бөх, сонгомол бөхийн төрөлд гурав дахь жилдээ зохион байгуулдагдаж тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид анх удаагаа оролцоно. Надаас гадна Баянхонгор аймгийн БТСГ-ын дасгалжуулагч С.Мөнхдуулдах, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ю.Батсайхан, тамирчдаар 42 кг-д М.Мөнхтөгөлдөр, 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ , 50 кг-д Н.Наранхүү, 54 кг-д Б.Буянтогтох, 58 кг-д О.Сүлдхүү, 63 кг-д Э.Бямбадорж, 69 кг-д Б.Сундуйжадамба, 76 кг-д Т.Бөхчулуун, 85 кг-д Э.Батмагнай, 100 кг-д Б.Энх-Оргил гээд Дархан-Уул, Баянхонгор аймгаас тус бүр гурав, Өвөрхангай, Налайх, Багануур, БТСДуС-ийн нэг тамирчин явж байна. Хоёр хүүхдүүд бусад нь энэ жилийн өсвөр үеийн улсын аваргууд. Ерөнхийдөө долдугаар сарын сүүлээр Тайландад болох өсвөр үеийн Азийн АШТ-д оролцох баг. Ираны тэмцээн манай хөвгүүдэд Азийн аваргын өмнөх том бэлтгэл сургуулилт болно.
 

-Нийт хэчнээн орны баг оролцох вэ?
-Ираны бөхийн холбооны веб сайтын мэдээллээс харахад манайхаас гадна Азербайжан, ОХУ, Киргизстан, Армен, Болгар, Беларусь, Гүрж, Унгар, Италийн баг тамирчид оролцоно гэсэн байсан. Иран улсаас гэхэд дор хаяж дөрөв, таван баг оролцох байх. Ази тивээс зохион байгуулагч орныг эс тооцвол ганцхан манай улс төлөөлнө. Манай өсвөрийн тамирчид маань тивийн аваргад очихоороо “Хөвгүүд нь Иран, охид нь Японтой таарчих вэ” гэж жаахан эмээдэг тал байдаг. Анх удаа барилдаж байгаа болохоор хэрхэн барилддагыг нь мэдэхгүй. Энэхүү тэмцээнд өсвөр үеийн ДАШТ, Азийн АШТ-д оролцох иран хөвгүүд бүгд зодоглох байх. Манай хүүхдүүдэд өрсөлдөгчөө судлах боломжтой. Ер нь ганцаарчилсан барилдаанд хүүхдүүд маань ялагдах вий гэсэн бодол ажиглагддаг. Харин ч багийн тэмцээнд бодсон санасан мэхээ хийж өөрийнхөө барилдааныг гаргах магадлал өндөртэй. Бөхийн орон Иранууд багийн тэмцээнд өндөр ач холбогдол өгч байна. Энэ жилээс насанд хүрэгчдийн Тактийн цомын ОУТ-ийг уламжлалыг эвдэж багийн тэмцээн болгосон. 
 

-Өсвөрийн тамирчид маань бэлтгэлээ хаана базаав?
-Өөр өөрсдийн клуб, спорт хороон дээр бэлтгэлээ хийсэн. 

-Өмнө нь хилийн дээс алхаж байв?
-Ихэнх тамирчид маань 2016 онд дөрвөн жил нэг удаа болдог Сахагийн “Дети Ази” Азийн хүүхдийн спортын наадам, энэ жилийн хавар ОХУ-д Буриадад болсон өсвөр үеийн тэмцээнд оролцож медаль хүртэцгээсэн. 

-Иран руу явж байгаа тамирчид маань зардал мөнгөө хэрхэн зохицуулав?
-Монголын чөлөөт бөхийн холбоо, Ираны бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Ираны тал бидний бүх зардлыг дааж байгаа. Энэ дашрамд биднийг энэхүү тэмцээнд оролцох боломжийг олгож өгсөн МЧБХ-ныхонд талархлаа илэрхийлье. 

-Та бүгд аян замдаа сайн явж тэмцээндээ амжилттай оролцоод ирээрэй.
-Баярлалаа.

 

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top