Хетаг Газюмов: Дасгалжуулагчийн ажил амаргүй юм байна

2017 оны 03 сарын 27

Олимпийн наадмын нэг мөнгө, хоёр хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга, Азербайжаны алдарт бөх Хетаг Русланович Газюмов өнгөрсөн жил Риогийн олимпийн наадмын дараа зодог тайлсан. Тэрбээр шинэ оны өмнөхөн өөрийн төрсөн нутаг ОХУ-ын Хойд Осетийн чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон юм. Өдгөө 34 настай Газюмов нэгдүгээр сард болсон Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон бусад зүйлийн талаар Хойд Осетийн “15 дугаар бүс” сонинд ярилцлага өгчээ.

- Хойд Осетийн шигшээ багийг дасгалжуулсан анхны тэмцээн Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” байлаа. Тэмцээний үр дүнд хэрхэн дүгнэлт өгч байна вэ?

 - Тэмцээн үнэхээр хатуу өрсөлдөөн дунд боллоо. Бид хэд хэдэн медалиа алдсан.

- Алан Хугаев таны барилддаг байсан жингийн хүчтэй өрсөлдөгч Анзор Болтукаевыг ялсанд гайхсан уу?

- Гайхаад байх зүйл юу байх вэ. Хугаев хэдэн жилийн өмнөөс сайн барилдах хэмжээнд үнэлэгддэг байсан. Европын аварга болж, ОХУ-ын АШТ-д түрүүлж байсан залуу. Гэхдээ Асланы амжилт тийм тогтмол биш ч алтан медалийн төлөөх барилдаан хүчтэй тэмцлийг харуулж, ялагч болсон. Болтукаевыг ялсан нь түүнд өөртөө итгэх итгэл нэмэгдсэн гэж үзэж байна.

- Хетаг Цаболовын ялагдал гэнэтийн зүйл байв уу?

- Үгүй дээ энэ тийм ч гайхаад байх зүйл биш. Цаболов хэд хэдэн удаа хүнд бэртэл авч байсан. Гурван жилийн өмнө Ташкентийн ДАШТ-д ямар эрч хүчтэй барилдаж түрүүлж байлаа. Харин хэд хэдэн хүнд бэртлийн улмаас санасан хэмжээнд хүрч барилдахгүй л байна. Гэхдээ түүний ялагдлыг сайн үр дүн гэж бодож байна. Бид алдаан дээр суралцаж, дараагийн тэмцээнд 100 хувь орох болно.

- Ацамаз Санакоевт юу тохиолдов. Хэрэв бэртээгүй бол аль алтан медаль авах боломжтой байв уу?

- Санакоев хагас шигшээ барилдаанд хавиргаа хугалсан нь бидэнд таамаглаагүй хор хөнөөл болсон. Хэдийгээр түүнийг алтан медалийн төлөөх барилдаанд барилдуулахгүй байхыг хичээсэн ч өөрөө барилдахыг хүссэн. Шигшээ барилдаанд хавиргаа хугалсан хүнээс ямар олигтой барилдаан гарах билээ, шүд зуугаад зуугаад хичээсэн ч үр дүнд хүрээгүй.

- Тэгвэл хамгийн харамсмаар ялагдал хэний барилдаан байсан бэ?

- Заурбек Сидаковын барилдаанд харамсаж байна. Тактик болон техникийн алдаа гаргаж, алтан медалиа Исраиль Касумовт алдсан. Ер нь Санакоев, Сидаков нарын барилдаанд сэтгэл дундуур л байна.

- Владислав Байцаев шагналын тавцан дээр зогсч чадаагүй. Хүрэл медалийн төлөө бараг барилдаан гарсангүй, түүнд юу тохиолдов?

- Түүнийг медаль аваагүйд сэтгэл дундуур байна. Байцаев маш их жин хассан, бараг 10-13 кг хаясан. Жин их хассан нь түүнд сэргэлт өгч чадаагүй.

- Риогийн олимпийн наадмын шигшээ барилдаанд таныг ялсан АНУ-ын Кайл Снайдерийн барилдаанд нэлээд анхаарал хандуулж байх шиг харагдсан?

- Тийм ээ, түүний барилдааныг нэлээд ажигласан. Снайдерийн бэлтгэлээ хэрхэн тохируулж байгаа байдал, өөртөө итгэлтэй, чөлөөтэй барилдаан ялалтыг нь илүү амархан харагдуулж байна. Гэхдээ манай хөвгүүд түүнийг ялах болно гэдэгт итгэлтэй байгаа шүү.

- Хойд Осетийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн хувьд Иван Ярыгиний тэмцээнд хэрхэн дүгнэлт хийв?

- Дасгалжуулагчийн ажил амаргүй юм байна. Залуус маань Красноярскт боломжийн барилдсан гэж үзэж байна. Цаашид бөхчүүдтэйгээ бэлтгэлээ хэрхэн тохируулах, хэрхэн ажиллах гээд бодсон юм их бий. Иван Ярыгиний тэмцээнд том дүгнэлт хийж, дараагийн удаа алдаа гаргахгүй байх боломжийг гаргаж өгсөн. Чермен Валиев (65 кг), Радик Валиев (74 кг), Давид Баев (65 кг) нарын залуус сайн барилдсан. Тэдэнд маш их ирээдүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн 86 кг-ын жинд барилдсан Артур Найфонов, Батрас Цакулов нар туршлагатай бөхчүүдтэй боломжийн барилдсан. Тэдэнд туршлага боллоо.

- ДБХ нэг жингийн барилдааныг хоёр хоногт багтааж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг юу гэж бодож байна?

- Надад одоогийн буюу нэг өдрийн формат нь илүү таалагддаг. Хэрэв хоёр өдөрт тэмцээн хийвэл бөхчүүд сэргэлт авахад илүү их цаг хугацаа гаргана. Яахав жин их хасч байгаа бөхчүүдэд илүү дээр санаа байж магадгүй. Үүнээс гадна үзэгчид нэг жингийн барилдааныг хоёр өдөр хүлээж үзнэ гэдэг хатуу санагдах байх. Тиймээс надад нэг өдөр нь хамгийн сайн сонголт.

- Ирээдүйн төлөвлөгөө юу вэ?

- Манай зарим залуус өнгөрсөн сард “Адлер”-т Иранд болсон Дэлхийн цомын тэмцээний бэлтгэлд хамрагдсан. Харин ихэнх залуус маань “Буде” бэлтгэлийн баазаад бэлтгэлээ хийж байгаа. Миний төлөвлөгөө залуусынхаа алдааг зөв чиглэл рүү оруулах, сургалтын үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулна. Хойд Осетийн бөхийн холбооны тэргүүн Махарбек Хадерцев болон удирдлагууд маань Красноярскын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөнд талархаж байна.  

 

Түүний амжилтууд:

2006 он: Дэлхийн цомын алт

2008 он: Бээжингийн олимпийн хүрэл

2009 он: ЕАШТ-ий алт

  • ДАШТ-ий мөнгө

2010 он: Дэлхийн цомын алт

  • ЕАШТ-ий алт
  • ДАШТ-ий алт

2011 он: ЕАШТ-ий алт

2012 он: Лондоны олимпийн хүрэл

2013 он: ЕАШТ-ий алт

  • ДАШТ-ий мөнгө

2014 он: ЕАШТ-ий мөнгө

  • ДАШТ-ий мөнгө

2015 он: Европын наадмын алт

  • ДАШТ-ий хүрэл

2016 он: Риогийн олимпийн наадмын мөнгө

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top