“...Бүгдээр гоншигонож байж л хөрш залуугийн чанга хөгжмийг сулруулна...”

2017 оны 03 сарын 11

Монголбанкнаас “Монгол Улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2017 оны нэгдүгээр сард зарлаж, хоёрдугаар сард шалгаруулалтыг явуулсан юм.

Өгсөн сэдвийн хүрээнд бодитой мэдээллийг ашиглаж, баримтаар баталгаажуулсан, энгийн ойлгомжтой, сонирхолтой байдлаар бичсэн эсэхийг харгалзан эхний 3 байрыг шалгаруулсан бөгөөд эхний байрт 300 мянган төгрөг II байрт 150 мянган төгрөг III байрт 100 мянган төгрөг,  өргөмжлөл, мөнгөн шагналын урамшуулалтай байв.

  • Тэргүүн байр: Б.Ганбат (Увс аймгийн Нэгдүгээр сургуулийн сурагч)
  • Хоёрдугаар байр: З.Баасандорж (МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн хөтөлбөрийн IV түвшний оюутан)
  • Гуравдугаар байр: Б.Мөнхдалай (ХБНГУ, оюутан)


 Ингээд эссений уралдаанд Гуравдугаар байр эзэлсэн Б.Мөнхдалай (ХБНГУ, оюутан)-гийн бичвэрийг хүргэж байна.

 

Make Mongolia great again...

Бид дэлхийд нүүдэлчид гэдгээрээ танил мөртлөө, өдөр өдрөөр барууны суурин соёлд татагдаж яваа ард түмэн. Үүнийг Улаанбаатар хотын хэв маягаас өнөөдөр бүгд харж болохоор болсон. Хөдөө орон нутгаас Улаанбаатар луу нүүж, хөл холхисон их хотод тохилог тухлаг байранд, Iphone утас хэрэглэн амьдрахыг илүүд үзэж буй залуу малчдын цуваа жилээс жилд нэмэгдсээр байна. Хотын ачааллаа даах чадвараас хэтэрсэн оршин суугчдаас харахад Монголчууд дийлэнх нь АНУ, Англи, Герман шиг болохыг хүсэмжилж буй нь илэрхийлэгдэнэ.

Монгол улсын хүрэх хөгжлийн түвшин нь монгол хүний хөгжлөөр илэрхийлэгдэх учиртай. Сардаа хангалттай хүрэлцдэг мөнгөн орлоготой, улиралд нэг гадаадад аялаж амардаг, дансандаа бага зэргийн хуримтлалтай, барууны өндөр хөгжилтэй орнуудад бол дундаж давхарга, манайд бол дундаас дээш давхаргын энэ хүмүүсийн тоог олшруулах нь Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин юм. Энэ л хөгжлийн бодит, харагдах үзэгдэх шалгуур билээ.

За одоо дараагийн асуудал. Иргэн хүний оролцоо? Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ) болж, тэнд яригдаж байгаа сэдэв, манайд яригдаж байгаа сэдэв хоорондоо их зайтай байгаа нь бидний хөгжил доогуур яваа нь харагдаж байна. Хүний хөгжлийн индексээр бид 180 гаруй орноос 90-д явдаг. Энэ 90 бол их хойгуур тоо юм. ДЭЗФ-д 4 дүгээр аж үйлдвэрийн хувьсгал, хиймэл оюун ухаан програмчлал, нар салхи биомасс энерги яригдаж байхад манайд нүүрс, 5 дугаар цахилгаан станц яригдах жишээтэй. Монгол ТВ “Ардын буйдан” нэвтрүүлгийн нэг дугаарт, 45 орчим насны эмэгтэй: “Мундаг мундаг хүмүүс нь Монголыг хөгжүүлэхгүй юм, 3-хан сая хүнийг тэжээчих тийм хэцүү л юм байхдаа” гэж билээ... Бид өөрсдийгөө тэжээвэр амьтад гээд л хэлчихлээ ш дээ. 76 гишүүн, 19 сайд, 1 ерөнхийлөгч нар Монгол улсыг хөгжүүлэхгүй шүү дээ. Бид 3 сая ард түмэн л гагцхүү хөгжүүлнэ, өөр хэн ч биш! Өнөөгийн нийгэм бид бүгдэд хийж бүтээх бүх боломжийг харамгүй өгдөг. Facebook, Instagram-ыг програм хангамжийн бакалавр зэрэгтэй байхад л кодыг нь биччихэж болно. Бусдаас урьдаж түрүүлж сэтгэх, томоор сэтгэхийг Mark Zuckerberg л хийж 53.6 тэрбум долларын эзэн болсон билээ. Энэ бүх боломж ч та бидэнд бүгдэд байгаа. Нэгэнт л барууны соёл, иргэншилд татагдан орсных сэтгэлгээгээ ч гэсэн, хандлагаа ч гэсэн тэднийхтэй уялдуулан “би чадна, би болгоно” гэдэгтээ иргэн бүр бүрэн итгэх ёстой.

Биднийг нэг зүг рүү хандуулах, чиглүүлэх нэгдсэн зорилго алга. Хятад улс гэхэд хүн бүр нь 2020 он гэхэд АНУ-ыг гүйцэх эдийн засагтай болно гэсэн зорилгыг тээж явахад, Казакстан улсын уул уурхайн бодлогын газрынхан гэхэд 2020 гэхэд Австралиас олон тооны орд газрыг эргэлтэд оруулахаар зорьж ажиллаж байхад манайд тийм зүйл алга. Нэг иргэнийг гудамжинд зогсоогоод асуухад хариулах хүн ховор тохионо. Монгол улсын зорилго юу байна гэдгийг интернетээс хайхад МУ-н тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн нэртэй агентлаг, яам, газруудад зориулсан бичиг баримтаас өөр юм алга. Иргэн бүрийг идэвхжүүлсэн, сэргээсэн, өдөөж өгсөн, чиглүүлж өгсөн нэгдсэн нэг зорилготой болох юм бол бид 3 саяулаа уулын өөд түргэн явж чадна. Make Mongolia great again...

Хүлцэнгүйдэл... Гоншигонодоггүй ард  түмэн, тэмцдэггүй ард  түмэн, илүү зүйл хүсдэггүй ард түмэн...

Утаа энэ жил л гараад ирж байгаа юм биш л дээ, гэтэл энэ жил л хүмүүс нэгдэн тэмцэж дуу хоолойгоо өргөн бүх хүмүүсийн анхаарлыг хандуулж чадлаа. Өмнө нь байсан өчнөөн олон жилд хийгдээгүй тэмцэл байв. Энэ олон жил яагаад чимээгүй байцгаасан юм бэ бид? Үүнээс харахад Ерөнхий сайд асан Д. Бямбасүрэн гуайн: “Миний Монголын ард түмэн чинь нэг их юм нэхдэггүй ард түмэн ш дээ, нэг цэцэрлэг, нэг сургууль, нэг эмнэлэг байхад болдог” гэж хэлж байсан ямар үнэн үг вэ гэдгийг нотлох мэт.

Таньдаг ахын маань жишээг энд дурдья л даа. Германд амьдардаг Анхаа гээд нэг ах маань сургуулиа төгсөөд мэргэжлээрээ тэндээ нэг ажилд оров гэнэ. Нэг Герман залуу бас хамт нэг албан тушаалд орж таарав гэнэ. Хоёулангийнх нь өрөө нар тусдаггүй, умгар, тавилга гээд байх юм ширээ сандал, шүүгээ, компьютерээс өөр зүйлгүй байв. Анхаа ах маань ч бодож гэнэ: “За яахав яахав, дулаан хувцаслаад, гэрээсээ ус буцалгагч авч ирж тавья”. Харин нөгөөх Герман залуу өдөр өдрөөр илүү шаардлага дарга нарт нэг нэгээр нь тавьсаар сар хүрэхгүй хугацаанд наран талдаа цонхтой өрөөнд нүүж орж, шинэ сандал авахуулж, бүр өрөөний кактус тэргүүтэй цэцэгнүүдтэй хүртэл болсон байв гэнэ. Анхаа ах маань дарга нарын асуултад “бүх юм зүгээр” гэсээр ажилласаар... Энэ мэт жишээнээс харахад бидэнд тавьдаг шаардлага гэж алга. Хүн бүр нөгөөдөө гоншигоносны хүчинд л өнөөдрийн Бенз машиныг германчууд чанарын өндөр түвшинд үйлдвэрлээд сурчихаж. Германчууд шиг гэнэт бүгдээрээ тийм больё гэхгүй ч гэсэн юманд ханддаг хандлага, шаардлагаа хотол олноороо дээшлүүлье. Ингээд бодохоор ерөөс бүгдээр гоншигонож байж л хөрш залуугийн чанга хөгжмийг сулруулна, ерөөс бүгдээр гоншигонож байж ажилчдын цайны газрын хуушуурны махыг их хийлгүүлнэ, ерөөс бүгдээр гоншигонож байж оройтож ирдэг шинжилгээний эмчийг эрт босгоно, ерөөс бүгдээр гоншигонож байж улаан гэрлээр гүйж гардаг соёлгүй хотын иргэнийг засна, ерөөс бүгдээр гоншигонож байж тухгүй ажлын сандлаа солиулна, ерөөс бүгдээр гоншигонож байж удаан хүлээлгэдэг найзаа цаг баригч болгоно, ерөөс бүгдээр гоншигонож байж байнга доголддог интернетээ сайжруулуулна, ерөөс бүгдээр гоншигонож байж хятадаас орж ирдэг электрон барааны чанарыг сайжруулуулна, ерөөс бүгдээр гоншигонож байж авлига авдаг даргыгаа айлгана, ерөөс бүгдээр гоншигонож байгаад л улс орноо хөгжүүлье.

Бэлтгэсэн Д.Тамир

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (103.10.20.86) 2017 оны 03 сарын 12

Demjij bna. Bi ih gonshignodog tegeed hel amtai nertei bolsoon.

0  |  0
zochin (66.181.187.252) 2017 оны 03 сарын 11

yag unen zov yum bichsen bna demjij bna .

0  |  0
Top