”FIBA”-ын нэрэн дор зохиогдох сагсан бөмбөгийн 3х3 тэмцээн энэ амралтын өдрөөр болно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 10

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь сүүлийн үед хамгийн хурдацтай хөгжиж буй спортын дэд төрөл юм. 1980 – аад оноос үүсэлтэй бөгөөд 2007 оноос эхлэн олон улсын чанартай спортын наадамд багтах болсон ба 2020 оны Токиогийн олимпд спортын дэд төрөл болон багтах талаар эрчимтэй яригдаж байна. Тэгвэл Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо 2017 оны 3 – р сарын 11, 12 – нд Монголд анх удаа FIBA – тай хамтран, FIBA – ын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус тэмцээний онцлог нь тэмцээнд оролцсон бүх тамирчид FIBA –д буюу дэлхийд чансааны оноотой болох юм.Тус тэмцээнд оролцох бүх тамирчид 3х3planet.com вебсайт дээр баталгаажсан бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээний үр дүнг FIBA – руу илгээснээр тамирчин бүрийн чансааны оноо автоматаар бодогдож, тухайн тамирчны нэр дээр нэмэгдэх юм байна. Мөн тэмцээний үеэр олон улсын сагсан бөмбөгийн холбооноос шүүгчдийн сургалт хариуцсан мэргэжилтэн хүрэлцэн ирж сургалт зөвлөгөө өгөх юм байна.

Тэмцээнд эрэгтэй эмэгтэй шилдэг 8 баг 2 хэсэг болон өрсөлдөх бөгөөд үүнд:
1. Азийн элсний наадмын мөнгөн медальт шигшээ баг
2. Оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт шигшээ баг
3. Үндэсний лигийн АНУ легионер тамирчдын шигшээ баг
4. БНАСАУ үндэсний шигшээ баг
5. Оюутны азийн аваргад өрсөлдөх шигшээ баг-1
6. Оюутны азийн аваргад өрсөлдөх шигшээ баг-1
7. Спрайт супер лигийн 3 удаагийн аварга баг
8. Үндэсний лигийн шигшээ баг гэсэн 8 баг өрсөлдөнө
Энэхүү төрлийг “MCS Coca Cola” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголд 3х3 сагсан бөмбөгийг хөгжүүлэх, хүүхэд залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийг эрүүлжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор анхны албан ёсны түнш байгууллага болон ажиллаж байна.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top