“Бүрэн барааны хайпермаркет” гэсэн тодотголтойгоор И-Март худалдааны төв өчигдөр нээлтээ хийсэн билээ. Нээлтийн өдөр олны хөлд дарагдсан тус хайпермаркет оройн 20:50 цагийн үед “Касс ажиллах боломжгүй боллоо” хэмээн үйлчлүүлэгчдээ гаргаж эхэлсэн. Уг асуудлаар бид “Скай хайпермаркет” ХХК-ийн маркетинг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Алтанхундагаас дараахь тодруулгыг авлаа.
-Өчигдөр орой ямар шалтгааны улмаас танайх худалдан авагчдад үйлчлэх боломжгүй гэж мэдэгдсэн юм бэ?
-Нийслэлд ширүүн бороо орж, зарим газрууд хүчтэй үерт автсан. Үерийн үеэр И-Мартын цахилгаанд доголдол үүсч, худалдан авагчдадаа үйлчлэх боломжгүй болсон байгаа. Бүх систем ажиллах боломжгүй болсон учир үйлчилгээгээ зогсоохоос өөр аргагүй болсон.
-Тэгэхээр өнөөдөр хэвийн ажиллах боломжгүй гэсэн үг үү?
-Одоогоор манай цахилгааны инженерүүд цахилгааны доголдлыг засварлахаар шуурхай ажиллаж байна. Цахилгааны монтаж хэсэг үерт автсан учраас утсуудыг хатаах, дахин шинэчлэх зэрэг ажлууд хийгдэх юм.
-Худалдан авагчид хэдийнээс И-Мартаар үйлчлүүлэх боломжтой болох вэ?
-Яг тодорхой хугацаа хэлж мэдэхгүй байна. Ямартай ч одоогоор манай дэлгүүр үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Цахилгааны доголдлыг хурдан хугацаанд завсарлахын төлөө манай инженерүүд ажиллаж байна.
-Өчигдөр үд дундын алдад И-март мөн хаалгаа барьсан. Юунаас үүдсэн юм бол?
-Өдөр дунд бид түр хугацаанд хаалгаа барьсан. Учир нь, хэт их хүний төвлөрлөөс үүдэн худалдан авагчид нэгэндээ үйлчлүүлэх боломж олгохгүй, шахцалдаан үүссэн. Тиймээс дэлгүүрийн хаалгыг түр хугацаанд барьж, худалдан авагчдыг сэлгэн оруулах зохицуулалт хийсэн байгаа.
-Өчигдөр танайхаас хичнээн хүн худалдан авалт хийсэн талаар нэгдсэн мэдээлэл гарсан уу?
-Цахилгааны доголдлын улмаас бид өчигдрийн худалдан авалтын талаархи нэгдсэн мэдээлллээ гаргаагүй байна. Одоогоор дэлгүүрийн бүх систем ажиллаагүй байгаа учраас багцаа тоо алга.
Ж.МЯДАГБАДАМ
Medee.mn

Сэтгэгдэл ( 0 )