Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын 118 хог тээврийн автомашинд автомат ачих төхөөрөмж суурилуулж эхлээд байна.
Уг ачих төхөөрөмжид зориулагдсан 450 литрийн багтаамжтай 1,650 ширхэг метал хогийн савыг өдөр тутам хог хаягдал үүсдэг орон сууц, гэр хорооллын дундах гудамж талбайд байршуулахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хамтран дөрөвдүгээр сардаа багтаан энэхүү ажлыг жигдрүүлэхээр ажиллаж байна.
Хог хаягдлыг зориулалтын ачих төхөөрөмжөөр ачдаг болсноор ил задгай хог хаягдал багасч ,ачилтын хугацааг хэмнэх давуу талтай. Өндөр хөгжилтэй улс орнууд салхиар ил задгай хог хаягдал тарж хийсэхээс хамгаалж богино хугацаанд ачих төхөөрөмжийг сонгодог аж.
Цаашид аж ахуйн нэгж, байгууллагуудыг хогоо хийх зориулалтын хогийн савтай болох шаардлагыг тавина. Ингэснээр байгууллагуудын гадна орчин цэвэр цэмцгэр болж, хог хаягдлаа богино хугацаанд түргэн шуурхай ачуулах боломж бүрдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )
Ali 1985 oni yed iim mashin baidagl baisan shuu dee. Yuun devshil baihav dee