Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зарлагдсан 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрээс санхүүжилт татах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн материалыг сумын жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүд өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс хүлээн авч эхлээд байгаа болохыг Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Сумдад өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид орон нутгийн хүн амын тооноос нь хамаарч, 5-15 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Зээл авах хүсэлт ирүүлсэн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн материалыг сар гаруйн хугацаанд судалж, жилийн 9 хувийн хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зээл олгоно гэж салбарын яамнаас мэдээлэв. Мөн энэ оны тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байгаа аж. Энэ дагуу эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлээд байна. Өнөөдрөөс эхлэн зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг арилжааны банкууд хүлээн авч судалж эхэлнэ гэж Хүнс, Хөдөө Аж Ахуйн яам мэдээллээ. Үлдэгдэл 75 тэрбум төгрөгийг уринш боловсруулалт, ургац хураалтын үед зохих журмын дагуу Хөгжлийн банкнаас гаргахаар болжээ. Мөн өнгөрсөн оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд энэ сарын 20-ны дотор мөнгөн урамшууллыг олгоно гэж салбарын яамнаас мэдээллээ. Төр засгийн зүгээс бизнес эрхлэгчдэд зээлийн санхүүжилт олгож байгаа бол бизнес эрхлэгчид бас биесээ дэмжсэн ажил зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал Монголын Бизнес Хөгжлийн корпораци эхний ээлжинд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гарааны болон дунд түвшний компаниудад санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )