Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, хэрэглэхийг хориглох тухай тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ.
Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас, ай падыг авч ирэхгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болохоор зохицуулжээ. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд хэвтрүүлэхээр тусгасан байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг байна. Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртэлх хувь, дунд ангийн сурагчдын 60 хүртэлх хувь, ахлах ангийн сурагчдын 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
Гар утасны хэрэглээнд донтсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.


Сэтгэгдэл ( 1 )
Маш зөв шийдвэр байна, бусад дүүргүүд ч гэсэн ийм шийдвэр гаргаасай