УИХ-ын дарга ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулах захирамж гаргалаа. Энэ дагуу ирэх мягмар гарагаас эхлэн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар боллоо. Ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбоотой багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөөд байна.
Тухайлбал:
- Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.
Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах нь гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд олон янзаар гарч байсан. Тухай бүрт Монгол Улс цөмийн хаягдал булшлахгүй гэх мэдэгдлийг холбогдох албаныхан өгсөөр байсан билээ. Харин энэ удаад Монгол Улс цөмийн хог хаягдал булшлахгүй байхыг албан ёсоор хуульчилна гэдгийг УИХ-ын албан мэдээлэлд дурьджээ.
Нөгөөтэйгүүр гэнэт ээлжит бус чуулган зарлаж, цөмийн хог хаягдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр болсон нь хардлага төрүүлж буй. Энэ талаар Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав хэвлэлд тайлбар өгсөн байгаа. Тэрээр “Цөмийн хаягдалтай холбоотой хууль эрх зүйн орчин Монгол Улсад бий. 2000 оны Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд тодорхой заасан байдаг. 2011 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хаягдалыг Монгол Улсын газар нутагт хадгалах, булшлах мөн дамжин өнгөрүүлэх зорилгоор тээвэрлэх энэ бүх үйл ажиллагааг хориглосон байдаг. Цаашид бид олон улсын конвенцид нэгдэж орсноор цөмийн хаягдалыг Монгол Улсад хууль бусаар тээвэрлэх, дамжуулахтай холбоотой бүх үйл ажиллагааг зогсоож, хориглоно” гэсэн байна.
УИХ-ын даргын захирамжийн дагуу ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Мөн үргэлжлээд УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийх бололтой.


Сэтгэгдэл ( 0 )