Камерын системээр хариуцлага тооцох асуудал цуцлагдаагүй гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 25

Сүүлийн үед цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан зарим нэгэн мэдээллийн талаар Замын цагдаагийн газар болон Лицензийн төвөөс дөнгөж сая мэдээлэл хийлээ. Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат болон Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат нарын ярьсныг хүргэе.

Зөрчлийн онооны систем хэрэгжиж эхэлснээр хоёр сарын хугацаа өнгөрөхөд улсын хэмжээнд 15224 жолооч оноогоо хасуулснаас хамгаалах бүс зүүгээгүй зөрчлийн улмаас нийт 12107 жолооч оноогоо хасуулаад байна. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 10 мянган гаруй жолооч оноогоо хасуулсан. Одоогийн байдлаар бүх оноогоо хасуулаад эрх нь түдгэлзсэн жолооч бүртгэгдээгүй. Харин дөрвөн оноотой үлдсэн зургаан жолооч байгаа юм.

Зам тээврийн осолд холбогдсон хоёр жолоочоос хоёулангаас нь оноо хасч байна гэх ташаа мэдээлэл тарсан. Эрх бүхий байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрээр тухайн замынхөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид  л хариуцлага тооцож, оноо хасах юм. Түүнчлэн зам тээврийн осол гаргасан үед даатгалын газар очиход заавал цагдаагийн тодорхойлолт хэрэгтэй гэх асуудал яригдаж байна. Иргэний маргаан гараагүй тохиолдолд цагдаагийн байгууллагын бичиг хэрэггүй. Тухайн иргэд цагдаагийн тодорхойлолтгүйгээр даатгалаараа асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Цагдаагийн тодорхойлолт шаардахгүй гэж ойлгох хэрэгтэй.

Камерын системээр тооцсон зөрчлийг гэрийн хаягаар хүргэж байгаа асуудлыг хүчингүй болгосон гэх мэдээлэл сошиал сувгаар тарсан. Энэ бол ташаа мэдээлэл. 2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан журам хүчингүй болсон. Учир нь 2015 оны есдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуультай нийцүүлэн хуульзүйн сайдын А188 тоот тушаалаар энэ харилцааг зохицуулж эхэлсэн. Тэгэхээр камерын системээр хариуцлага тооцох журам хэрэгжсэн хэвээрээ байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье.

ЦЕГ-ын лицензийн төв нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, сэргээх, зөрчлийн оноог сэргээн олгох чиг үүрэгтэй ажиллаж байна. Сүүлийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шар үнэмлэх солих эсэх асуудал яригдаж байна. Замын хөдөлөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 10 жилийн хугацаатай хүчинтэй” гэж зааж өгсөн. Тэгэхээр 2008 оны гуравдугаар сарын нэгнээс өмнө олгогдсон хуучин шар жолооний үнэмлэх одоогийн нөхцөлд чанарын шаардлага хангахаа больсон.

Дээрх бичиглэл, зураг, тухайн хүний нэр хаяг тодорхой бус, арилсан. Тиймээс Лицензийн төвөөс шар үнэмлэх солих ажлыг үе шаттайгаар явуулж, энэ ондоо багтааж бүх шар үнэмлэхийг солих чиглэлд ажиллаж байна. 2015 онд 1120 жолооч шар үнэмлэхээ солиулсан бол шар үнэмлэхээ солиулахгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй гэх ташаа мэдээллийн улмаас одоогоор  14000 гаруй жолооч үнэмлэхээ солиулаад явж байна. Жолооч нарыг хөдөлгөөнд оролцоход нь ямар нэг байдлаар хариуцлага тооцохгүй боловч  жолооч нар зав чөлөө, нөхцөл боломжоороо энэ ондоо багтаан Лицензийн төв дээр ирээд шар үнэмлэхээ солиулах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top