Манай улс улаанбурхны эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012 онуудад 3-14 настай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулсны үр дүнд энэ өвчин эрс буурч, 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан. Гэвч 2015 оны гуравдугаар сараас уг өвчний дэгдэлт гарсан. 2015 оны тавдугаар сард 6 сартайгаас 6 хүртлэх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өвчлөл тууштай буурсан ч 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байна. 18-30 насныхныг улаанбурхны эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлага байгааг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулсан.
Ингээд өчигдөрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлээд 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )