Өнгөрсөн жил ургацынхаа ихэнх хувийг цаг агаарын таагүй нөхцөлөөс болж алдсан тариаланчдаа дэмжихээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хоёр жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан гаргахаар болжээ. Гэхдээ 100 тэрбум төгрөгийг хэрхэн хаанаас босгох вэ гэдгээ Хөгжлийн банк тодорхойлох юм. Энэ долоо хоногтоо багтан Хөгжлийн банк мөнгөний эх үүсвэрээ олбол цаг алдахгүй тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгоно гэж салбар яамнаас мэдэгдлээ. Одоогоор хэдэн аж ахуйн нэгжид, хэчнээн хэмжээний мөнгө хаврын тариалалтад шаардлагатай байгаа тооцоо, судалгааг ХХААЯ Хөгжлийн банкинд хүргүүлсэн байгаа аж. Урьдчилсан байдлаар нэг га талбайд тариалалт хийхэд 350 мянган төгрөг хэрэгтэй гэж салбар яам нь тооцож, нэг тариаланч иргэн, ААН-д олгох зээлийн хэмжээгээ тогтоох юм.
Мөн тариалалтын үеэр хэрэглэх шатахууны онцгой албан татварыг чөлөөлж өгөхийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Засгийн газарт тавьжээ. Улмаар тариалалтад хэрэглэх шатахуун татваргүй болбол дизель түлш литр нь 1000-1200 орчим төгрөгийн ханштайгаар тариаланчдад нийлүүлэгдэх боломжтой болох аж.

Сэтгэгдэл ( 0 )