Даатгалын компаниудын нөхөн төлбөр өсөлттэй гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 09

Жилээс жилд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд аливаа эрсдлээ даатгуулах хандлага нэмэгдсээр байгааг бид даатгалын салбарын жил бүрийн өсөлтөөс харж болно. Даатгалын компаниудын хэрэглэгчдийн тооны өсөлтийг сүүлийн 2 жилээр компани тус бүрээр дараах хүснэгтэд харуулав.

2015 оны хувьд ердийн даатгалын компаниудын хураамжийн нийт орлого 3,6%-р өсч 111,1 тэрбумд хүрсэн байна. Гэвч энэхүү орлогоос давхар даатгалд шилжүүлсэн хураамж 33%-р өсөж 42 тэрбумд хүрсэн ба ердийн даатгалын компаниудын цэвэр хураамжийн орлого 8,3%-р буурч 67 тэрбум төгрөг болсон байна. Дараах графикт аль компаниуд цэвэр хураамжийн орлогоор хэдэн хувь эзэлж буйг харуулав.

Харин нөхөн төлбөрийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 17%-р өссөн ба 36,1 тэрбумд хүрсэн байна. Аль компаниудын нөхөн төлбөр хэдэн хувиар өссөнийг доорх графикт харуулав.

  Мөн даатгалын компаниудыг дүрмийн сангаа нэмэгдүүлэн 5 тэрбум ₮-т хүргэхийг СЗХ-с шаардаж байгаа бөгөөд компаниуд шат дараалалтайгаар дүрмийн сангаа нэмэгдүүлж 2016 оны 4-р улирал гэхэд нийт дүрмийн санг 5 тэрбумд хүргэх ёстой байгаа. Доорх графикт компаниудын дүрмийн сан ямар хэмжээтэй байгааг харуулав.

 

ОРОН СУУЦНЫ ДААТГАЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Намайг бага байхад дээд давхрын айл бараг сар болгон ус алддаг байсан юм. Их хайхрамжгүй хүмүүс. Хайнга зантай дээд давхрын хөршүүдээс гадна социализмын үеийн хуучин барилгуудын муудсан сантехник ч биднийг ийнхүү сард нэг шийтгээд байсан байж мэднэ. Тэр бүрийд учирсан их, бага хэмжээний хохирлыг барагдуулах гэж ээж маань хэрэндээ л түвэг чирэгдэл болдогсон. Хэдийгээр манайх орон сууцны даатгалтай байсан ч өч төчнөөн явдал чирэгдэл болж байж багахан хэмжээний нөхөн төлбөр авдаг байсныг бүдэг бадаг санадаг.

Ус алдах гэх энэ үг Улаанбаатар хотод оршин суудаг хүн бүрт танил. Хариуцлагагүй байдлаас гадна хуучирсан, эсвэл чанаргүй сантехникийн шугам сүлжээнээс болоод ус алдаж үзээгүй айл өрх гэж бараг үгүй. Манай хотын нэлээд хэсгийг социализмын үед баригдаад, өдгөө элэгдэлд орсон хуучин орон сууцны хорооллууд эзэлдэг бол шинээр босч байгаа барилгуудын сантехникийн чанарын талаарх гомдол ч түгээмэл байдаг. Тэр бүрийд л алдсан хүн арван тамтай гэгчээр айл өрхүүд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч үлддэг. Үүнээс гадна дундын шугамын эвдрэл гэж бас том асуудал бий. Тэгвэл амьдралын ийм энгийнээс эхлээд хамгийн түвэгтэй бүхий л эрсдэлийг хэрхэн удирдах вэ? Энэ асуудлыг шийдэхийн тулд манай даатгалын компаниуд 2005 оноос Орон сууцны даатгалыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэвч тухайн үед даатгалын салбарын үйл ажиллагааны идэвх сул, хэрэглэгчид даатгалын ач холбогдлын талаар бага ойлголттой даатгуулагчдын тоо харьцангуй цөөн байв. Нэгэнт цөөн даатгуулагчтай тул хураамжийн төлбөр өндөр, хохирлыг 100 хувь барагдуулж чаддаггүй байсан юм.

Харин сүүлийн жилүүдэд барууны улсуудад Хүртээмжтэй даатгал хэмээн нэрлэдэг Орон сууцны иж бүрэн даатгал илүү боловсронгуйгаар хэрэгжиж эхлээд байна. Хүртээмжтэй даатгалын гол онцлог нь аль болох олон даатгуулагчийг хамруулах явдал юм. Ингэснээр хураамжийн төлбөрийг хэрэглэгчид дарамт учрахааргүйгээр хямд тогтоож, хураамжийн төлбөрөөсөө хэдэн зуу дахин их хэмжээний нөхөн төлбөр гаргах боломжтой болдог. Одоогоор манай улсад Орон сууцны хүртээмжтэй даатгалыг амжилттай нэвтрүүлж буй компани бол Хаан даатгал. Тэд сарын 1500 төгрөгийн хураамж төлөөд л орон сууцны хариуцлагын болон хөрөнгийн гэсэн хоёр даатгалд хамрагдаж, тус бүр 1 300 000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий эрсдэлээ даатгах таатай боломжийг хэрэглэгчдэд санал болгоод байгаа юм. Ус алдахаас эхлээд цахилгаан, сантехник, байгалийн эрсдэлүүд үүнд багтаж байгаа бөгөөд жилд учирч болох эрсдэлийн тоонд хязгаа байхгүй.

Өөрөөр хэлбэл, жилд хэд хэдэн удаа эрсдэлд өртсөн ч таны хохирлыг барагдуулна гэсэн үг. Даатгалын хураамжийн төлбөрөөсөө ч бага дүнтэй нөхөн төлбөр авдаг байсан үе нэгэнт ард хоцорчээ. Хаан даатгал компанийн орон сууцны хүртээмжтэй даатгалд хамрагдагчид эрсдэл учирсан тохиолдолд сард төлдөг хураамжийн хэмжээгээ дунджаар 80- 100 дахин нугалж авч байгаа бөгөөд бусад төрлийн даатгалын хувьд дунджаар хураамжийн төлбөрөө 20-50 дахин өсгөн авдаг. Энэ нь хүртээмжтэй даатгалын бас нэгэн давуу талыг харуулдаг. Хаан даатгал ХХК нь даатгуулагчдадаа 2013-2015 оны хугацаанд нийт 500-аад сая төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top